Мэдээ, мэдээлэл » Тайлан

ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТО БААЗЫН 2011 ОНЫ
ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАН

2011.07.05

Төр, Засгийн Авто бааз 3.9 тэрбум төгрөгийн үндсэн ба эргэлтийн хөрөнгөтэй нийт 190 ажиллагсадтай, 160-аад хөдлөх бүрэлдэхүүнтэй Менежерийн, Санхүү эдийн засгийн, Инженер техникийн гэсэн 3 албатайгаар үйл ажиллагаагаа явуулж давхардсан тоогоор 230 гаруй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 5 бүтээгдэхүүн буюу нийт 24 ажил үйлчилгээг үзүүлж байна. Нэг.Дотоод зохион байгуулалтын ажлын талаар
Баазын нийт ажилчдын хурлын бэлтгэл ажлыг хангаж, авто баазын 2010 оны ажлын тайланг бусад албадуудтай хамтран гаргаж, 2011 онд хийх ажлын төлөвлөгөөг батлуулснаар 2011.02.12 өдөр Авто баазын нийт ажилчдын хурлыг амжилттай зохион байгуулав.
Захиргааны зөвлөлийн хурлыг нийт дөрвөн удаа зохион байгуулж авто баазын ажилчдын нийгмийн асуудал, сахилга хариуцлага дэг журмыг сайжруулах, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхтэй холбоотой журмуудыг хэлэлцэн баталж хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажил төрлийн шуурхай зөвлөлгөөнийг Даваа гариг бүр зохион байгуулж шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөө гарган биелэлтийг ханган дараагийн хуралд танилцуулдаг журмыг хэвшүүлэн ажиллаж ирлээ.
2010 оны 5-р сарын 6-ны өдөр батлагдсан байгууллагын стандартыг /авто баазын үйлчилгээний чанарт тавих шаардлага/ СS11-0120-2010/ 2011 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдүүлэн ажиллаж байна.
Ажилтан албан хаагчдын хувийн хэргийн хавтсийг шинэчлэн, хувийн хэрэгт өөрчлөлт орсон тухай бүр баяжилт хийж ирсний зэрэгцээ төрийн албан хаагчийн тоо бүртгэлд баазын нийт ажилтан албан хаагчдыг хамруулан анкетыг электрон хэлбэрт оруулан баталгаажуулж мэдээллийг ТЗҮААЭГ-т хүргүүлээд байна.

Хоёр. Нийгмийн асуудал, сургалтын талаар
Авто баазын нийт ажиллагсдын цалинг улсын төсвийн хөрөнгөнөөс санхүүжүүлэх шийдвэр гаргуулах асуудлыг холбогдох байгууллагаар дамжуулан шийдвэрлүүлэх, ажиллагсдын цалинг өнөөгийн шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх ажлын явц хэвийн явагдаж байгаа бөгөөд ЗГХЭГ-ын даргын 2011 оны 3-р сарын 31-ний өдрийн 64 тоот тушаалаар Авто баазын үйл ажиллагаа, үйлчилгээний байдлыг судлах, санхүүгийн үйл ажиллагааг шалгаж дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Тус ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ ЗГХЭГ-т танилцуулж, ЗГХЭГ-ын даргаас чиглэл авч холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран ажилласны үр дүнд Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан 2011 оны 7-р сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхэд бэлэн болоод байна. 2010 онд ерөнхий сайд Монгол улсынхаа 21 аймагт ажиллахад манай баазын хөдөө ажлын бригадын хамт олон үйлчилсэн билээ.  Монгол улсын ерөнхий сайд С.Батболд 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хөдөө ажлын жолооч нарыг өрөөндөө албан ёсоор хүлээн авч уулзан талархал гардуулсан.
Шинээр 417 автомашины гараж, оффис бариулах бэлтгэл ажлын хүрээнд барилгын зураг төсөв хийхэд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгуулсан бөгөөд авто баазын шинээр баригдах барилгын зураг төсвийн гүйцэтгэгч компанийг шалгаруулах тендер 2011 оны 2-р сард зарлагдсан. Тус сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд авто баазын дарга, менежерийн албаны дарга  нар оролцож ажиллаа. Сонгон шалгаруулалтанд “ВАLDANS”ХХК шалгарч ажлаа эхлээд байна. Шинээр баригдах барилгын хөрсний биологийн ажлын судалгааг хийлгэж тайланг гаргуулж өгсөн.
Ажиллагсдын эрүүл мэндэд анхаарч нийт ажилтан, албан хаагчдыг төлөвлөгөөнд заасны дагуу 1-р улиралд багтааж ТТАХНэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ оношлогоонд хамрууллаа. Эмчилгээний кабинетийг байнга ажиллуулж даралт үзэх, шарлага хийх, шарх боох, бумба тавих, судас болон булчин тариа хийх зэрэг эмчилгээ үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
Ерөнхийлөгчийн санаачлагаар жил бүр зохион байгуулагддаг Иргэн бүр мод тарих аянд авто баазын хамт олон идэвх санаачлагатай оролцлоо.
ТЗҮААЭГ-ын үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг угтан харъяа байгууллагуудын дунд  зохион байгуулагдсан “Явган аялал” –д зохион байгуулах үүрэгтэйгээр оролцож 3-р байр эзэлсэн. Явган аялалын барианы газар  Мотоциклчидын үзүүлэх тоглолт зохион байгуулж, тусгайлан тайз засч Хурд хамтлаг болон жүжигчин Эрдэнэбаяр нарын тоглолтыг хамт олондоо үзүүлж сонирхуулсан. ТЗҮААЭГ, Харъяа байгууллагуудын дунд зохион байгуулагдаж байгаа спортын арга хэмжээнүүдэд амжилттай оролцож байна.
Тус авто бааз нь 130-аад ахмад ажилтантай бөгөөд жил бүрийн цагаан сар, олон улсын ахмадын баяраар байгууллагын захиргаанаас тэднийг хүлээн авч хүндэтгэл үзүүлдгээс 2011 оны цагаан сараар нийт 127 ахмадад  хүндэтгэл үзүүлж, урамшуулахад нэг сая төгрөгийг зарцуулсан байна. ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр баазын бүх эмэгтэйчүүдийг хамруулан БНХАУ-ын Бээжин хоттой танилцах аялалыг амжилттай зохион байгуулав. Эх үрсийн баяраар 6-12 насны нийт 60 хүүхдийг МҮЭСТОрдонд Өнгөт инээд продакшний бүтээл “Баавгай дуулахуй” хошин шогийн тоглолт үзүүлсэн.
Ерөнхий механик, хөдөлмөр хамгааллын инженер М.Чимэдцэрэнг мэргэшсэн инженерийн сургалтанд, сангийн слесарь Д.Ганбаатарыг гагнуурчны курсэд хамруулан мэргэшүүлж ажиллуулж байна. Удирдлагын акедимийн багш н.Алтанцэцэг авто баазын нийт ажилтан албан хаагчдад “Харилцааны соёл” сэдвээр сонирхолтой лекц уншиж сонирхуулсан.

Гурав. Аж ахуйн талаар
2010 оны жилийн эцсийн нийт хөрөнгийн тооллогын ажил хийгдэж дууссан. Байгууллагын соёл, ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, ажиллах орчинг сайжруулахад байнга анхаарч ирлээ. 2011 оны 6-р сарын 01-ний өдрөөс эхлэн ТЗҮААЭГ байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж “Үйлчилгээний соёл” нэг сарын аянг амжилттай зохион байгууллаа.
Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн ордны хогийг 7 хоногт хоёр удаа тогтмол ачиж зориулалтын цэгт тээвэрлэн асгах ажил хэвийн явагдаж байна. Мэдээллийг цаг тухайд нь хүргэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор он гарсаар 3 өрөөнд интернет сүлжээг нэмж оруулав.
Шинээр нээж ажиллуулахаар төлөвлөсөн дугуй засварын байрны засварын ажлыг аж ахуйн аргаар хийж гүйцэтгэлээ. Ажилчдын теннисний өрөөний хуучин модон шал муудсан байсныг хуулж бетондож, баазын хашаан доторхи асфальтан замуудын суулт өгч эвдэрсэн хэсгүүдэд шар шороо асган тэгшлэв. Замын хашлагуудыг засаж шохойдон өнгө үзэмжийг сайжрууллаа. Конторын барилгатай залгаа баригдсан сауны барилга нь хуучирч ашиглалтын шаардлага хангахгүй болсон юм. Иймд сауны барилгын дээврийг бүрэн засварлаж, хуучирч цөмөрсөн шалыг хуулж бетондсон. Халуун усны болон сауны өрөөнүүдийг засварлан гэрэлтүүлгийг сайжруулах ажил хийгдэж байна.
Конторын болон засварын цех, гаражуудын дээвэр нь хуучирч муудсан байгаа байдал нь бидний анхаарлын төвд байсаар ирлээ. Иймд засварын цехийн дээврийн бүрэн засварын ажлыг мэргэжлийн компаниас зөвлөлгөө авч тэдний тусламжтайгаар  жолооч ажилчдын хүчээр хийж гүйцэтгэсэн. Энэ ажилд мэргэжлийн компаниудын санал болгож байсан үнээс хоёр дахин бага буюу 13 сая төгрөгний хөрөнгө зарцуулсан. Жолооны курсын захирлын өрөө, сургалт явуулж байгаа хэсгийн дээврийн засвар болон 3-р гаражийн дээврийн засварын ажлыг хэсэгчлэн хийсэн.
Авто баазын төв цахилгаан хаалга элэгдэж хуучирч, шаардлага хангахгүй болсныг сольж шинэ хаалга худалдан авч байрлуулан ажиллаж байна. Түрээслэгч бүх байгууллагуудтай түрээсийн гэрээг 1-р улиралд багтаан байгуулж дууссан. Ашигтай талбайн хэмжээг дахин нягтлан хэмжиж баталгаажуулсан болно. Түрээсийн байрны урсгал засварыг түрээлэгч байгууллагуудын хөрөнгөөр хийлгэхээр төлөвлөсөн боловч түрээслэгч байгууллагуудын санхүүгийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл хийгдээгүй болно.

Дөрөв. Санхүү эдийн засгийн албаны ажлын талаар
Тайлант оны эхний хагас  жилийн хугацаанд 877.2  сая төгрөгний борлуулалт хийж, 866.4 сая төгрөгний зардал гаргаж  10.7  сая төгрөгний цэвэр  ашигтай  ажиллаа. Үр дүнгийн гэрээний төлөвлөгөөт зорилтыг 112.1 хувиар, үр ашгийг үзүүлэлтийг 164.6 хувиар тус тус биелүүлсэн байна. Авлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5 сая төгрөгөөр өсч, өглөг  38.1 сая  төгрөгөөр  буурсан байна.  Үндсэн үйл ажиллагааны бүтээгдэхүүний үйлдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад  68.9 мян км буюу 95.4 сая төгрөгөөр  өссөн байна.

Сар бүр байгууллагын эдийн засгийн үйл ажиллагаанд нөлөөлж буй үзүүлэлтүүдийн судалгаа шинжилгээг тогтмол хийж ажилласаны үр дүнд зардлаар тавих хяналтыг сайжруулж санхүүгийн тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд байгууллагын өдөр дутмын үйл ажиллагааг зөв зохион байгуулж ажилласнаар ажилчдын цалинг хугацаанд нь олгох, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, ашиглалтын зардлыг тогтмол төлж, байгууллагын өдөр дутмын үйл ажиллагааны материаллаг хангамжийг тасралтгүй жигд явуулж ирлээ.

2011  оны эхний хагас жилийн зардлыг зарцуулалтаар нь авч үзвэл :
·    Цалин,цалингийн шимтгэлд          350.8  сая төгрөг буюу  40.6 %
·    Шатахуун,тослох материал           307.9  сая төгрөг буюу  35.6 %
·    Авто машины засвар үйлчилгээ,
сэлбэг материалын зардал              29.0  сая төгрөг буюу    3.4 %
·    Ашиглалтын зардалд                        64.5  сая төгрөг буюу    7.5 %
·    Баяр ёслол, шагнал,тэтгэмж
спорт арга хэмжээнд                          5.9  сая төгрөг буюу    0.7 %
·    Авто машины тат/даат                      30.6  сая төгрөг буюу    3.5 % 
·    Томилолт                                             5.4   сая төгрөг буюу    0.6 %
·    Аж ахуй болон бусад зардал            70.6  сая төгрөг буюу    8.1 %

Ашигтай ажиллахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийг тайлбарлахад:

1.Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулсны үр дүнд өнгөрсөн онтой  харьцуулахад 12.2 хувь  буюу 95.4 сая төгрөгний орлогын эх үүсвэр нэмэгдүүлсэн.
2. Зардалд тавих хяналтыг сайжруулснаар ус, аж ахуй, бичиг хэрэг засвар оношлогоо бусад  зардлаас 12.5 сая төгрөгийг дотоод зардлаас хэмнэсэн болно.

НББОУСтандартын талаар

Тайлант оны эхний хагас жилд авто баазын санхүүгийн менежментийг боловсронгуй болгоход компьютерийн программ хангамжийг шинэчлэн суулгаж, энэ чиглэлээр бүртгэл тооцооны ажилтнуудаа сургаж, өнгөрсөн оны тайлан балансын эцcийн үлдэгдлийг гүйлгээ балансаас данс тус бүрийн үлдэгдлийг хөрвүүлэн улирлын тайланг шинэ “Ноён” программаар гаргах бэлтгэл ажлыг хийж дуусган шинэ програмаар санхүүгийн тайлан балансаа гаргалаа.

Жолооч тус бүрээр сар бүр тогтмол авто машины өртгийг тооцож ашиг, алдагдлыг тодорхойлон хүн тус бүртэй хариуцлага тооцон ажиллаж байгаа нь зохих үр дүнгээ өгч байна. Орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулан орлогыг цаг хугацаанд нь татаж оруулах, шинээр өр, авлага үүсгэхгүй ажиллаж байна.

Тус авто баазын эдийн засгийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээний тухай цогц асуудлаар тусгай ажлын хэсэг томилогдон дүгнэлт гарган Засгийн газрын хуралдаанд оруулах шатандаа явагдаж байна.

Энэ оны 6 дугаар сар гарсаар шатахууны үнэ ойр ойрхон хугацаанд огцом өсч, авто баазын эдийн засгийн байдалд хүндрэл учруулж санхүүгийн тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүрч байна.

2011 он гарсаар шатахууны үнэ өссөн байдлыг хүснэгтээр үзүүлбэл:


№    Сарууд    АИ-92    Дизель түлш      
1    1 сар    1350    1320      
2    2 сар    1350    1430      
3    3 сар    1350    1430      
4    4 сар    1350    1440      
5    4 сарын 16    1300    1380      
6    4 сарын 17    1300    1390      
7    4 сарын 30    1380    1470      
8    5 сарын 04    1350    1440      
9    5 сарын 09    1350    1470      
10    5 сарын 11    1350    1440      
11    5 сарын 25    1350    1590      
12    6 сарын 02    1400    1650      
13    6 сарын 11    1500    1650      
14    6 сарын 12    1500    1750      
Үнийн өсөлт    Төгрөгөөр    150    430      
Хувиар    11.1    29.6     

Дээрх судалгаанаас харахад 1 литр шатахууны үнэ оны эхнээс 4-6 удаа өөрчлөгдөж          АИ-92 150 төгрөг буюу 11.1 хувиар, дизель түлш 430 төгрөг буюу 29.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Өнөөдрийн шатахууны үнийн ханшаар хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцож үзэхэд жилийн эцэст зөвхөн шатахууны үнийн өсөлтөөс хамаарч 73.5 сая, ажилчдын цалин хөлсний дутуу олголт 309.9 сая төгрөг нийт 483.4 сая төгрөгний алдагдал хүлээх тооцоо гарч байна. Шатахууны үнийн өсөлтийн хамаарлаас сэлбэг материалын үнэ өсч байгаа нь авто баазын эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Тав. Инженер техникийн албаны ажлын талаар
Инженер техникийн алба (ИТА) нь Засварын хэсэг, Тээвэр зохицуулах хэсэг гэсэн 2 хэсэгтэй ажиллаж ирлээ. Энэ хоёр хэсэг бол баазын ажлын үндсэн үйлдвэрлэл болох тээврийн найдвартай үйлчилгээгээр хангахад гол үүргийг хүлээн ажиллаж байна. Албаны дотоод ажлын зохион байгуулалтанд анхаарч хэсгүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ажлаа чиглүүлж, хэсгүүдийн бие даасан үйл ажиллагааг дэмжиж ерөнхий удирдлагаар хангаж ажиллаа.
Автомашины засвар үйлчилгээний ажилд онцгой анхаарал тавьж ажилласан бөгөөд автомашинд техникийн хяналтыг хийж шаардлагатай засварт оруулах засварын хуудас бичиж хөтлөн оруулж засвараас гарахад нь шалгаж хийсэн ажилд үнэлэлт өгөх ажлыг сайжруулж ажиллаа.
Засварчдад хугацаатай үүрэг даалгавар өгч хяналт тавьж ажилласнаар засварын хугацааг богиносгоход ихээхэн түлхэц болсон. Цалин урамшууллын системийг боловсронгуй болгох саналаа баазын хэмжээний цалингийн асуудал Засгийн газраар шийдэгдсний дараа хийхээр болсон. Засвар үйлчилгээний ажлын гол зорилго бол эвдэрсэн автомашиныг засварлахаас гадна эвдрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор техникийн үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийснээр эвдрэлийг багасгах, автомашин эдэлгээг уртасгах, техникийн найдвартай ажиллагааг хангахаас гадна засварын зардлыг бууруулахад чухал нөлөөлөх хүчин зүйл учраас автомашинд ТҮ-г жилээр төлөвлөдөг байсныг тодотгож сар бүр төлөвлөн гүйцэтгэлийг гарган ажилладаг боллоо. Мөн ТҮ-ний тусгай маягт гарган хөтөлж үйлчилгээний чанар, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна.
Автомашины техникийн хяналтын үзлэгийг тогтмол хийж шаардлагатай сэлбэг, материалын нарийвчилсан судалгааг хөтлөж жагсаалт гарган ханган нийлүүлэх ажлыг цаг тухай бүр нь зохион байгуулж ажилласан болно. Хэдийгээр мөнгө санхүүгийн хүрэлцээ тааруу, тодорхой лимитэнд багтаан энэ ажил явагдаж байгаа ч сэлбэг материалын хангамжийг  аль болохоор бага зардлаар зохион байгуулах, зах зээлээ байнга судлах, үнийн болоод чанарын харьцуулалт хийх, зарим нэг эд анги деталиудыг орлуулан ашиглах зэргээр боломжийг бүрэн даачлан ажилласан юм. Түүнчлэн хуучин сэлбэг, материалийг хураан авч ангилан ялгаж, заримыг нь сэргээн засварлах зэргээр нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг тодорхой хугацаа, гүйлт тогтоон шийдвэр лэж байгаа нь үр дүнгээ өгсөн. Оны эхний хагас жилийн байдлаар нийт 20 гаруй  сая төгрөгийн сэлбэг материалыг автомашины засвар үйлчилгээнд зарцуулаад байна.
Автомашины хувийн хэргийн баяжилт, бүрдүүлэлтэнд анхаарал хандуулан нэг бүрчлэн шалгаж өмнө нь бүртгэлд байхгүй байсан бөгөөд шинээр маягт боловсруулан гүйлт км-ийг сар бүрээр бөглөдөг боллоо. Энэ нь хувийн хэргээс сэлбэг материалын нормчлолын гүйцэтгэлийг гаргахад шуурхай болсон. Түүнчлэн автомашин бүрийн хувийн хэргийн материалыг компьютерт оруулж хувийн хэргийн санг бүрдүүлээд байна. Энэ санг бүрдүүлэн ашигласнаар хувийн хэрэгт байгаа мэдээллийг үзэхэд хурдан шуурхай болсон бөгөөд хяналт тавихад ихээхэн ач холбогдолтой болсон.
Засварын цехийг хөдөлмөр зохион байгуулалтыг шинэчлэх, ажлын бүх төрлийн үнэлгээг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх, засварын цехийг аж ахуйн тооцоонд оруулах ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөөд байна. Оны эхний хагас жилийн байдлаар 89 автомашинд техникийн үйлчилгээ, давхардсан тоогоор 486 автомашинд урсгал засвар, 81 автомашинд бусад төрлийн засвар хийгээд байна.
Tээвэр зохицуулах хэсгийн диспетчерийн бүртгэлийн хяналтыг сайжруулах, зорилгоор бүртгэлийн шинэ маягтыг бий болгож ажилласнаар хөдөлгөөний болон гүйлтийн тээвэр ашиглалтын мэдээг тогтмол шуурхай оновчтой гаргадаг боллоо. Ингэснээр жолооч нарын ажлын хариуцлагыг өндөржүүлэх, үргүй сул зардлыг арилгах, дотоод тээврийн зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болж байгаа юм. 
Эрх зүйн актуудыг боловсронгуй болгохтой холбогдуулан шинээр баазын бүтцийг боловсронгуй болгох тухай, автомашиныг хүлээцэх тухай тушаалуудыг санаачлан төслийг боловсруулж батлуулсан. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр салбарын байгууллагуудын дунд зохион байгуулсан уралдаан тэмцээнд тэмцээнд бэлдэх, оролцох талаар тусгай төлөвлөгөө гаргаж, хөрөнгө зарцуулан ажилласнаар  амжилттай оролцож 2 дугаар байр эзэллээ. Мөн галын тэмцээний хүрээнд баазын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгон шинэчилсний дээр мэргэжлийн багш нарыг оролцуулан сургалтыг гамшиг ослоос хамгаалах, галаас хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чиглэлээр сургалтуудыг зохион байгуулсан болно.
Чанарын бригадуудын дарга нартай бригадын ажлыг сайжруулах талаар санал солилцож, цаашид ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа талаар санал авлаа.
Баазын тодорхой хэсэгт камерын хяналт тавих талаар судалгаа гаргаж цаашид хэрэгжүүлэх талаар ажиллаж ч хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалан хүлээгдэж байна. Дараагийн улиралд хийхээр хойшлуулсан. Засварын хэсгийн цехүүдийг тохижуулах талаар зарим нэг ажлуудыг хийж байгаа бөгөөд Засварчдын өрөөг урсгал засвар хийж  дуусаад байна. Техникийн үйлчилгээг гүйлтийн дагуу албадан оруулах,  үйлчилгээний үед хийгдэх ажилбаруудыг багтаасан маягт боловсруулж үйлчилгээг сар бүрийн урьдчилсан төлөвлөгөөний дагуу хийж ажилласнаар үйлчилгээний чанар сайжирсан. Автомашинуудын эвдрэл гэмтлийг оновчтой үнэн зөв шуурхай оношлох зорилгоор цаашид шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт гаргаж танилцуулсан болно.
Сэлбэгийн хангамжийг сайжруулах зорилгоор Хьюндай Автомотив, Сейф Трек компаниудаас чанартай сайн сэлбэг нийлүүлэхээр гэрээ хийж ажилдаа ороод байна. Цаашид бусад зах зээлийг судлах, түүнчлэн гадаад зах зээлийг илүү судлахаар ажиллаж байна. Мөн хуучин сэлбэгийг хураан авч ангилан ялгах, засварлан үнэ тогтоон ашиглаж байна. Шаардлагатай сэлбэг, материал, тоног төхөөрөмжийг аль болохоор хямд, чанартайг нийлүүлэх зорилгоор Хангамжийн механик Батбуян өөрийн зардлаар БНХАУ-ын Гуанжоу хотын олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцож судалгаа хийж ирсэн нь бидний цаашдын үйл ажиллагаанд бодитой нөлөө үзүүлж байна.
Удаан хугацаагаар эвдрэлтэй зогсож байсан 0112УБЗ, 0062УБЗ, 0137УБЗ, 4813УБЗ, 0083УБЗ, 0042УБЗ зэрэг автомашинуудыг шаардлагатай сэлбэгийг ханган нийлүүлж холбогдох засврыг хийж ажилд бэлэн болгосон.
Хөдлөх бүрэлдэхүүний хувийн хэргийн 156 автомашины тулгалтыг Автотээврийн газрын Бүртгэлийн хэлтэстэй хийлээ. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт нийт 136 автомашин оруулж, машин бүр дээр цаашид анхаарах зүйлүүдийн судалгаа гаргаж ажилласан бөгөөд үзлэгт хамрагдсан нийт машинуудад техникийн хувьд шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан. Үлдсэн 20 автомашинууд эдэлгээний хугацаа, гүйлтийн норм дууссан тул ТӨХ-д актлуулах саналаа хүргүүлчихээд шийдвэр шийдвэр гаргуулан 17 автомашиныг дуудлагын худалдаагаар борлуулж орсон орлогоос Соната-7 маркын нэг шинэ машин, ашиглагдаж байсан гаднаас орж ирсэн Соната-6 маркын 2 автомашиныг өөрийн хөрөнгөөр худалдан авч тус тус паркаа нэмэгдүүллээ.
ЗТО зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, анхааруулга, санамжийг авч хэрэгжүүлсний үндсэн дээр оны эхний хагас жилийн байдлаар 14 осол гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гарсан осол 29%, манай жолоочийн буруугаас үйлдэгдсэн осол 15%-иар тус тус буурсан үзүүлэлт гарч байна.
Хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалт, бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих, эзэмшигчийг шилжүүлэх үед  гардаг дутагдлуудыг арилгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцон ажиллах зорилгоор баазын даргын тушаал гарган хэрэгжooлж ажиллаж байна.Тайлангийн хугацаанд 8 автомашинаас 17,6 сая төгргийн хохиролыг буруутай этгээд, болон даатгалаас нөхөн төлүүлсэн байна.
Спидометрээр тавих хяналтыг чангатгах ажлыг сайруулах, зардал өртгийг бууруулах зорилгоор баазын даргын 2011 оны 108 тоот тушаалыг батлуулан хэрэгжүүлж ажиллаж байна.
Тайлант хугацаанд засварын цехийн тоног төхөөрөмжүүд, өргөгч-1, автомашинд засвар хийж байх үеийн аюулгүй байдлыг хангаж ивүүрүүд 8ш, бусад шаардлагатай багаж хэрэгслүүд 2 ком-ийг шинээр авч хангасан. Дугуй засварын цехийг шинээр байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн 1,6 сая төгрөгөөр худалдан авч ажиллагаанд оруулаад байна. Аваарын үед хэрэглэх хатуу, зөөлөн холбоосууд тус бүр нэгийг шинээр авч ашиглалтанд оруулсан. Баазын гол хаалганы дэргэд хурд сааруулагч шинээр хийж тавьсан нь хөдөлгөөний хурдыг багасгаж, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хүчин зүйл болсон. Мөн гарцын түр хаалтыг 1,6 сая төгрөгөөр шинээр авч байрлуулсан болно.
ТЗҮААЭГ-ын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Үйлчилгээний соёл” 1 сарын аяныг 6 дугаар сарын 1-нээс 7  дугаар сарын 1 хүртэл зохион байгуулж уг аяны хүрээнд баазын даргын тушаал гарган, ажлын төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлж ажиллаа. Аяны хүрээнд үйлчилгээнд хариуцлагатай жижүүрийг өдөр бүр томилон ажиллуулж, гарч байгаа доголдол дутагдлыг арилгах, жолооч нарын дунд сургалт явуулах, баазын “Алтан дүрэм”, “Санамж бичиг”-ийг шинээр хэвлүүлэн нийт жолооч нарт тараах, хувийн болоод машины ариун цэврийг дээшлүүлэх, соёлтой хөнгөн шуурхай үйлчилгээг үзүүлэх талаарх ажлуудыг хийлээ.

Техникийн үйлчилгээ, засварын ажлыг шаардлагын түвшинд хангаж, ажлаа зөв зохион байгуулж ажилласны дүнд Баазын гол үзүүлэлтүүд болох техникийн бэлэн байдлын коэффициент  0.72% парк ашиглалтын коэффициент 0.81% байсан нь төлөвлөгөөт хэмжээнд байгаа нь баазын ашиглалт, засварын хэсгийн ажил хэвийн байгааг илтгэж байна.

АВТО БААЗЫН ЗАХИРГАА

 

2011 оны 11 сарын 08 | Үзсэн : 5068