Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 6 дугаар 20- 21-ний  өдрүүдэд Төрийн ордонд болж өндөрлөлөө.

Уг чуулганд  АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж  байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцлоо. 

Энэ удаагийн уулзалтаар оролцогчид Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.

Мөн органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалт, зах зээлийн чиг хандлага, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлага, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудлаар илтгэл тавьж  хэлэлцүүлэн, асуулт хариулт өрнүүллээ.

“Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-ын үр дүнд гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж” болгон төлөөлөгчдөөр батлуулж  11 дэх удаагийн “АСЕМ-ын дээд түвшний уулзалт”-д хүргүүлнэ. Энэхүү зөвлөмж нь улам бүр хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудалд улс, орнуудын анхаарлыг хандуулж, тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхүйц зөвлөмж болох юм.

2016 оны 06 сарын 21 | Үзсэн : 770