Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ
Нийт: 48 - 42
Монгол Улсын Засгийн Газар, ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Европын Холбооны дэмжлэгтэйгээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Ази Европын Түмний 11-р чуулган “Шударга, тэгш, хүртээмжтэй хөгжлийн арга замыг Ази, Европт хэрэгжүүлэн, эв санааны шинэ нэгдлийг байгуулах нь” сэдвийн хүрээнд 7 дугаар сарын 4-6-нд Төрийн ордонд амжилттай зохиогдлоо. Уг чуулганы үр дүнгийн талаар зохион байгуулагчид мэдээлэл хийхдээ, “Монгол улс түүхэндээ Ази Европ хоёр тивийг холбож, Евразийн гол түлхүүр хүч байсан бөгөөд өдгөө энэ чухал үүргээ нэр төртэй биелүүлж байна” хэмээн онцоллоо. Энэ удаагийн чуулганд Ази, Европын 550 орчим төлөөлөгч оролцож төр засгийн бодлого, түүний хэрэгжилтэд илүү анхаарал хандуулан асуудал дэвшүүлэн хэлэлцлээ. Мөн Ази Европ хоёр тивийн иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих чиглэлд тодорхой шийдлүүд гарсан байна. Чуулганаар үндсэн долоон сэдвийн хүрээнд асуудлыг хэлэлцсэн бөгөөд Олон улсын зохион байгуулах хороо /IOC/ болон Үндэсний зохион байгуулах хороо /NOC/ хамтран доорхи асуудлуудаас гарсан дүгнэлтийг нэгтгэж тунхаг бичиг болгон АСЕМ-ын дээд түвшний хуралд өргөн барих аж. Эдгээр нь, 1. Хүнсний бүрэн эрх: хангамж, аюулгүй байдал, өлсгөлөнг тэглэн цаашлах 2. Нийгмийн шударга ёс – Бүх нийтийг хамарсан нийгмийн хамгаалал, зохистой ажлын байр ба тогтвортой амьжиргаа, өр тавих, “бүсээ чангалахаас” өөр татварын шударга ёс ба бусад шийдлүүд 3. Энх тайваныг бэхжүүлэх ба хүний аюулгүй байдал – шилжилт хөдөлгөөн, терроризм, фундаментализмд өгөх хариу арга хэмжээ 4. Байгалийн нөөцийн шударга хуваарилалт, газрын эрх, усны тэгш хүртээмж ба оролцоо хийгээд олборлолтоос гарах 5. Оролцооны ардчилал, жендерийн эрх, Цөөнхийн эрх 6. Нийгмийн шударга худалдаа, үйлдвэрлэл ба хөрөнгө оруулалт 7. Уур амьсгалын шударга ёс – эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, хаягдлыг тэглэх зэрэг юм.
2016 оны 07 сарын 07 | Үзсэн : 3396
|
|