Төрийн ордон » Танилцуулга

БНМАУ -ЫН ТӨРИЙН ОРДНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ

Төрийн шинэ ордон ашиглалтад орсон нь

БНМАУ –ын засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ –ын засгийн газрын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлны дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байв.

Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай сэлбийн голын эрэгт байлаа.

Ийм үед төрийн шинэ ордонг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ –аас тусламж гуйх болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай: “Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москвад явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа гэхэд Воршилов намайг их уриалгахан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвэл зүгээр юм биш үү гэсэн. Би тиймээ зүгээр юм байна гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордонд бариулах комисс томилж комиссын даргаар намайг тавьсан юм.” гэв.

ЗХУ –аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ.

Ордны барилгын суурийн ажил 1947 оны 4 дүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барилгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ.

Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлолдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны 10 дугаар сард нутагтаа буцжээ. Дараа нь засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ. Гэтэл 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Энэ тухай уул барилгын хариуцан бариулж байсан ахмад барилгачид Д.Жанцансамбуу гуай дурсан ярихдаа:

“Д.Гочиг /сүүлд барилгын яамны сайд болсон/ бид хоёр барилгын нурсан хэсэг дээр гараад бууж чадахгүй дүүжингээр бууж байлаа. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачидыг жигдрүүлж дотоодын 300, гадаадын 500 хоригдол /орос, хятад, япон/ хөлсний ажилчид 400, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан юм” гэв.

Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ –ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ –ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавьяат барилгачин болсон/ нар ажиллажээ.

Уран барилмалчин Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ.

Ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. "Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, IY зэргийн хайрган хөрстэй" гэж ахмар барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв. Ордны барилгын шил, төмөр, будаг материалыг ЗХУ -аас Цагаан эргээр /одоогийн Сүхбаатар хот/ дамжуулан авч байжээ.

Төрийн ордын шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд дуусч ашиглалтад оржээ. БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны 12 дугаар сарын 30 -ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актад гарын үсэг зуржээ.

Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 оноос багтаж Улсын бага хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ.

Ордны шинэ байрны 3 дугаар давхрын нүүрний гол хэсэг одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан /Ерөнхий сайд/ мөн давхрын зүүн урд талд Ю.Цэдэнбал /МАХН -ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга/  ордны 2 дугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд /улсын бага хурлын дарга/ мөн давхрын баруун урд талд Ч.Сүрэнжав /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд/ нар байрлажээ.

Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны арканд тавьдаг байжээ.

Төрийн ордны Бунхант индэр

Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр 1954 онд баригдсан аж.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1952 оны тавдугаар сарын 9-ний 45/82 дугаар тогтоолоор Бунхант индэр бариулах болж архитекторч Б.Чимэдийн зохиосон “Маршал Чойбалсангийн мавзолейн эскиз төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөө эскизийн дагуу бунхант индрийн багтаамжийн урт 14.3м, өргөн 13.87м өндөр шалнаас индрийн холхивчийн орой хүртэл 11.5м , оройн хэсгийн урт 9.5м өндөр 5.5 метрийн хэмжээгээр барьжээ. Мөн бунхант индрийн ханыг дотор талаас нь жижиг чулуугаар гагнаж гадна талыг нь цагаан өнгийн гантигаар өнгөлсөн байна.
Дээрх тогтоолоор уг барилгыг барих, санхүүжүүлэх, Зөвлөлт Холбоот Улсаас мэргэжилтэн урьж ажиллуулах талаар Сайд нарын Зөвлөл, Батлан хамгаалах яам, Дотоод яаманд үүрэг даалгавар өгсний дагуу гүйцэтгэжээ.

Москва хотын метроны зохион бүтээгч Юдин Николай Петрович ирж ажилласан байна. Өнгөлгөөний гантиг чулуун материалыг Орхоны хөндий- Хархориноос авчиржээ.
Бунхант индрийг барьж босгох ажлыг улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн удирдлагын дор цэргийн барилгачид гүйцэтгэсэн байна. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1954 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 32/180 дугаар тогтоолоор уул барилгыг Сүхбаатар, Чойбалсангийн бунхант индэр гэж нэрлэж нээх ёслол хийх төлөвлөгөөг баталжээ.
Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 8-ны өдрийн 16 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн баяр болгон нээжээ. Нээлтийн ёслол дээр МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүд, Ерөнхий сайдын орлогчид, сайд нар, Намын Төв Хорооны гишүүд, Улсын Их хурлын депутатууд, олон нийтийн байгууллага ба хөдөлмөрчдийн төлөөлөгчид, Монгол ардын хувьсгалт цэргийн төлөөлөгчид, гадаадын дипломат төлөөлөгчид, Энхтайван найрамдлын байгууллагын ба Зөвлөлтийн урлагийн зүтгэлтний төлөөлөгчид оролцжээ. Бунханг нээх ёслолд зориулсан хүндэт харуулд цэргийн ерөнхий сургуулийн сонсогчид жагссан байна.

Ёслолын хуралдааныг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба нээж, хуралдаанд Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, партизан Содномдаржаа, барилгачин Сансрайдорж, академич Н.Жагварал, дэслэгч генерал С.Батаа нар үг хэлж төгсгөлд нь төрийн дуулал эгшиглэж, их буугаар 21 удаа буудаж ёсолжээ.
Бунхант индрийн нээлтийн ёслолын дараа хөдөлмөрчид цэцэг тавьж ёсолсноос эхлэн амралт баяр ёслолын үеэр хөдөлмөрчид, зочид төлөөлөгчид бунханд орж хүндэтгэл үзүүлдэг болсны дээр бунханд орох хүмүүсийг шалгадаг, фото зураг авхуулдаггүй, цүнх зэрэг юм барихыг хориглодог байжээ.
Мөн Сүхбаатарын талбайд болох ард нийтийн баяр, наадмыг бунхант индэр дээрээс удирдан явуулдаг болсон байна. Энэ талаар МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны 1955 оны 4 дүгээр сарын 2-ны 101 дүгээр тогтоолоор батлагдсан журам 1990 он хүртэл мөрдөгджээ.

1954 оноос эхлэн бунхант индрийг хамгаалах, арчлах, тордох үүргийг тухайн үеийн аюулаас хамгаалах байгууллага гүйцэтгэдэг байв. 1951-1956 онд төрийн тусгай хамгаалалтын салаанаас 10 цэрэг бунхныг 24 цагаар хүндэт харуулын хэлбэрээр хамгаалж байв. 1956 оноос хойш бунхныг хамгаалах арчлах ажлыг ордны комендатурт хариуцуулж, тэнд хязгаарын цэргийн 05 дугаар анги буюу одон тэмдэгт тусгай хорооны цэргүүд тогтмол арчилгаа цэвэрлэгээ хийдэг байв.
Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1960 оны 10 дугаар сарын 17-ны 651 тоот тушаалаар бунхант индрийн арчилгаа цэвэрлэгээг сайжруулах мэргэжлийн зааварчилгаа батлан, орон тоо, зохион байгуулалтыг бэхжүүлжээ.

Үүгээр 16 цэрэг үүнд: зүлгэгчид 2, гантигчин 2 /улирсан ахлагч мэргэжлийн/ цэвэрлэгч 12 /сургагдсан цэргүүд/ ажиллуулах болсон байна.
1971, 1980 онд бунхант индэрт их засвар хийхэд Москвагийн Кремлээс /Ленины бунхан/ 2 мэргэжилтэн ажиллуулж, Улаан-Үдэ хотоос тусгай зориулалтын шил авчирч шиллэжээ. 1990 оны 9 дүгээр сар хүртэл бунхант индэр нь төрийн ордны хамт арчилгаа цэвэрлэгээ тогтмол хийгддэг нэн хүндэтгэлтэй хэсэг байв. Дараа нь Төр, засгийн Үйлчилгээ аж ахуйг эрхлэх газар бунхант индрийн хамгаалалт, арчилгаа цэвэрлэгээг хариуцдаг болов.

Төрийн ордны анхны өргөтгөл

Төрийн ордон ашиглалтад орсноос хойш 10-аад жилд төр, засгийн олон талтай үйл ажиллагаа, түүний төв аппаратын бүтцэд өөрчлөлт удаа дараа гарсантай уялдан орчин үеийн шаардлагад тохируулан ордны барилгыг томсгон шинэчлэх болжээ.
Ордны барилгад өргөтгөл хийх тухай МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоол 1957 онд гарчээ.
БНМАУ-ын Засгийн газар БНБАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр ордны барилгын өргөтгөлийн зураг төслийг Болгарын архитектор Аксина, Петров, конструктур Геригоров нар оролцон хийж барилга барих ажилд инженер Когоо ажилласан байна.
Өргөтгөлийн цахилгаан гэрэлтүүлгийн ажлыг Чехословакийн мэргэжилтнүүд, телефон холбоог ЗХУ-ын мэргэжилтнүүд, радио холбоог БНХАУ-ын мэргжилтнүүд, хөшиг болон ханын чимэглэлийг БНАГерманы мэргэжилтнүүд, нийт засал, шавардлага будгийн ажлыг хятадын мэргэжилтнүүд гүйцэтгэжээ.
Энэ үед хятад ажилчдын хэрэг эрхлэх газар гэж байсан бөгөөд тэдний ажилчид нь манай цэргийн барилгачидтай хамтран ажиллаж байжээ. Ордны барилгын анхны өргөтгөлд эхнээс аваад дуустал хурандаа Д.Бямбаа даргатай барилгын цэргийн нэгдүгээр батальон гурван роттой 1000 орчим цэрэгтэй ажилласан байна.

Ордны барилгын өргөтгөлийн ерөнхий захиалагчаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Бадарч, түүний орлогчоор Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Гончигсүрэн, байнгын хариуцагчаар ордны зохион байгуулах ангийн дарга Д.Дондов нар ажиллаж байжээ.
Мөн телефон холбооны монтажийг Д.Готов /сайд асан/, Ц.Дэлгэр-Очир, цахилгаан монтажийг Д.Бадарч, сантехникийн монтажийг инженер М.Даш нар гүйцэтгэжээ.
Ордны барилгын гүйцэтгэгчээр батальоны дарга хурандаа Д.Бямбаа, батальоны ерөнхий инженер дэд хурандаа А.Дорж, хангалтын орлогчоор И.Чулуун, улс төрийн орлогч С.Дамба нар ажиллаж байв.
Барилгын модон материалыг Түнхэл, Зүүнхараагаас, тоосгыг Улаанбаатарын тоосгоны заводаас, шохойг Шохойнбулагаас, будаг, төмөр, шилэн материал, хивс, их танхимын сандлыг хятадаас, тусгай өрөөнүүдийн царсан ширээ сандлыг Румын улсаас тус тус авчээ.

Ордны барилгын өргөтгөлийн суурийн гүнийг ордны барилгын урьд баригдсан хэсгийн гүнтэй адил 4 метр бөгөөд, ялгаатай нь урьдах суурийг Богд уулын арын том хавтгай чулуугаар хийсэн бол нэмэгдсэн суурийг бетон цутгаж хийжээ.

Барилгын анхны өргөтгөлийн ажлыг 1958 онд түр барилгаар эхэлж 1959 онд жигдрэн 1961 оны зун ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнө дуусгажээ.
Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун урд талын хоёр жигүүрүүд болон ордны урд хойт талын сүрлэг баганууд, Ардын Их хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн юм. Урд талдаа 4 давхар, хойшоо 3 давхар дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгөтэй байсан ордон хойшоо дундуураа урт, хоёр талаараа богино, урагшаа хоёр талаараа тэлсэн гадна талдаа тразит шавардлагатай саарал өнгөтэй ордон болжээ.
Ордны анхны өргөтгөлөөр 800 хүний суудалтай Ардын Их Хурлын сүрлэг гоёмсог танхимтай болсон нь төрийн ордонд явуулдаг улс төр, нам олон нийтийн олон хүн хамарсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулахад зохистой болжээ.

Өргөтгөлийн дараа ордны зүүн урд жигүүрийн ll давхарт Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх, lll давхарт Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, lҮ давхарт МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурал, баруун урд жигүүрийн ll давхарт Сайд нарын Зөвлөлийн хурлын танхим, lll давхарт Намын Төв Хорооны ll нарийн бичгийн дарга Д.Моломжамц, lҮ давхарт Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Н.Жагварал нар албан ажлаа явуулах болсон байна.
Ордны өргөтгөлийн дараа ордны дэг журам, зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт орж урд хоёр жигүүрийн хаалгаар нам, төр засгийн удирдлагууд, урд гол хаалгаар зочид төлөөлөгчид, хөдөлмөрчид, хойт талын зүүн баруун хаалгаар ордонд ажиллагсад нэвтэрдэг болжээ.

  • Мэдээ, мэдээлэл
    цааш
    • Мэдээ, мэдээлэл
    • Их уншигдсан
    Мэдэгдэл
    Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.3 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ...
    2022 оны 11 сарын 23

    Шагнал гардууллаа
    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан
    2021 оны 12 сарын 31

    Шагнал гардууллаа
    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ...
    2021 оны 06 сарын 18

    Шагнал гардууллаа
    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ...
    2021 оны 02 сарын 24

    Шагнал гардууллаа
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол хүртээлээ
    2021 оны 02 сарын 09

    Шагнал гардууллаа
    Үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны ...
    2020 оны 10 сарын 14

    Шагнал гардууллаа
    Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан ...
    2020 оны 07 сарын 10

    Шагнал гардууллаа
    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан үйлчилгээний салбарт ...
    2019 оны 12 сарын 30

    Нийтлэг үйлчилгээний удирдах ажилчдын сургалт, семинар
    Манлайлагч Гэрэгэ шалгуулах арга хэмжээнд 19 аймгийн нийтлэг үйлчилгээний газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазар, ННҮГазар, ...
    2019 оны 11 сарын 05

    Шагнал гардууллаа.
    Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг ...
    2019 оны 07 сарын 10


    0000 оны 00 сарын 00


    0000 оны 00 сарын 00

    НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНУУД ЭРДЭНЭТ ХОТОД ЧУУЛЛАА
    Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойн баярыг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ...
    2023 оны 10 сарын 14

    Шагнал гардууллаа
    XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ...
    2023 оны 02 сарын 17

    Мэдэгдэл
    Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4, 32.3 дахь заалт, Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ...
    2022 оны 11 сарын 23

    Шагнал гардууллаа
    XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан үйлчилгээний салбарт олон жил үр ...
    2022 оны 01 сарын 28

    Шагнал гардууллаа
    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан
    2021 оны 12 сарын 31

    Шагнал гардууллаа
    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ...
    2021 оны 06 сарын 18

    Шагнал гардууллаа
    Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ...
    2021 оны 02 сарын 24

    Шагнал гардууллаа
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол хүртээлээ
    2021 оны 02 сарын 09

  • Дүрстэй мэдээ
    цааш
  • Төрийн ордны гэрэл зураг
    цааш
  • Холбоос