Төрийн ордон » Танилцуулга
БНМАУ -ЫН ТӨРИЙН ОРДНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ Төрийн шинэ ордон ашиглалтад орсон нь БНМАУ –ын засгийн газар 1930 онд барьсан хоёр давхар байшинд /одоогийн Боловсролын их сургуулийн төв байрны доод хоёр давхар/ байрлаж байв. Энэ байшинд Улсын бага хурал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хянан байцаах газар, зохион зааварлах хэлтэс, Улсын төлөвлөгөөний комисс байрлаж байсан бөгөөд БНМАУ –ын засгийн газрын ерөнхий сайд Хорлоогийн Чойбалсан, түүний нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав, Улсын бага хурлны дарга Г.Бумцэнд нар энд ажиллаж байв. Энэ байшин тухайн үеийн Төр, засгийн төв аппаратын өсөн нэмэгдэж байсан орон тоо, ажлын шаардлага хангахгүй болсноос гадна нийслэл хот байгуулалтад байршлаа олоогүй, төвөөсөө хазгай сэлбийн голын эрэгт байлаа. Ийм үед төрийн шинэ ордонг хотын төв талбайн хоймор хэсэгт бариулахаар шийдвэрлэж ЗХУ –аас тусламж гуйх болжээ. Энэ тухай Ч.Сүрэнжав гуай: “Монгол Улсын Засгийн газрын ордон бариулахыг би санаачилж Чойбалсанд хэлсэн юм. Чойбалсан түүнийг маш зүйтэй гэж дэмжээд намайг Москвад явуулсан юм. Би Москвад очоод К.Е.Воршиловтай уулзаж Монголын Засгийн газрыг ордонтой болгох санаатай байна. Намайг Чойбалсан явууллаа гэхэд Воршилов намайг их уриалгахан хүлээж аваад бэлэн зураг үзүүлж энэ зургаар ордноо бариулвэл зүгээр юм биш үү гэсэн. Би тиймээ зүгээр юм байна гэж хэлээд уг зургийг авчирч Чойбалсанд танилцуулсан. Засгийн газрын ордонд бариулах комисс томилж комиссын даргаар намайг тавьсан юм.” гэв. ЗХУ –аас авчирсан төрийн захиргааны барилгын бэлэн зургийг Засгийн газрын комисс нягтлан үзээд Монголын нөхцөл байдал, уламжлалд тохируулан зарим өөрчлөлт хийлгэжээ. Үүнд Монгол инженер Б.Мотоо, уран барималчин Чоймбол нар их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын хаалга, эмжээр, багана зэрэгт Монгол хэлбэр маяг оруулжээ. Ордны барилгын суурийн ажил 1947 оны 4 дүгээр сард эхэлжээ. Уул барилгын ажлыг ордны барилгын дарга Лэгцэгийн Гончиг /ахлах дэслэгч/ Улсын барилгын хэрэг эрхлэх ерөнхий газрын нэгдүгээр орлогч хурандаа Д.Гончиг, мөн газрын орлогч Д.Жанцансамбуу, Улсын төлөвлөгөөний комиссын барилгын хэлтсийн дарга Ж.Агваанлувсан, зөвлөлтийн мэргэжилтэн Порпинов нар барилгын ажил эхлэхээс ашиглалтад ортол хариуцан гүйцэтгэжээ. Ордны барилгын баруун хэсгийн суурийн ажлыг японы олзлолдсон 300 цэрэг гүйцэтгэж 1947 оны 10 дугаар сард нутагтаа буцжээ. Дараа нь засан хүмүүжүүлэх газраас 4000 хоригдлыг гэрээгээр, иргэдээс 400 ажилчдыг хөлсөөр авч ажиллуулж 1948 оны өвөл суурийн ажлыг дуусгажээ. Гэтэл 1949 оны зун тааз нь тавигдаж дууссан барилгын модон хэсгүүд нь шатаж зөвхөн төмөр, туйпуу хэсгүүд нь үлдсэн байна. Энэ тухай уул барилгын хариуцан бариулж байсан ахмад барилгачид Д.Жанцансамбуу гуай дурсан ярихдаа: “Д.Гочиг /сүүлд барилгын яамны сайд болсон/ бид хоёр барилгын нурсан хэсэг дээр гараад бууж чадахгүй дүүжингээр бууж байлаа. Барьсан хэсэг шатсаны дараа барилгачидыг жигдрүүлж дотоодын 300, гадаадын 500 хоригдол /орос, хятад, япон/ хөлсний ажилчид 400, бүгд 1200 хүн ажиллаж ордны барилгын ажлыг дуусгасан юм” гэв. Барилгын ажилчид голдуу мэргэжлийн хүмүүс байсан бөгөөд сантехникийн мэргэжилтнээр ЗХУ –ын Федренко, цахилгааны мэргэжилтнээр мөн ЗХУ –ын Чембелюк түүнийг дагалдаж Даржаагийн Чойдог /сүүлд гавьяат барилгачин болсон/ нар ажиллажээ. Уран барилмалчин Чоймбол ордны барилгын зураг баримал чимэглэлийг хийж хожим нь төрийн шагнал хүртжээ. Ордны барилгын тоосгыг Улаанхуаран, Ганц худгийн задгай тоосгоны үйлдвэрээс, шохойг Цагаан булгаас, суурийн чулууг Туул голын урд талын араас авч бэлтгэжээ. "Ордны чулуун суурь нь 4 метр зузаан тавигдсан тул ордныг долоон давхар өндөрлөх даацтай, хөрсний усгүй, IY зэргийн хайрган хөрстэй" гэж ахмар барилгачин Д.Жанцансамбуу, Ж.Агваанлувсан нар тодорхойлж байв. Ордны барилгын шил, төмөр, будаг материалыг ЗХУ -аас Цагаан эргээр /одоогийн Сүхбаатар хот/ дамжуулан авч байжээ. Төрийн ордын шинэ барилга 4 жилд баригдан 1951 онд дуусч ашиглалтад оржээ. БНМАУ -ын Сайд нарын зөвлөлийн 1951 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаар тогтоолоор томилогдсон комисс 1951 оны 12 дугаар сарын 30 -ны өдөр Засгийн газрын ордныг ашиглалтад хүлээж авсан актад гарын үсэг зуржээ. Засгийн газрын ордны шинэ барилгад 1951 оноос багтаж Улсын бага хурал, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, зохион зааварлах хэлтэс, хянан шалгах газар, Намын төв хороо, Үнэн сонины газар, Улсын төлөвлөгөөний комисс, Шүүх яам, Хэвлэл утга зохиолыг хянах газар, Зохиолчдын эвлэлийн хороо шинээр нүүн байрлажээ. Ордны шинэ байрны 3 дугаар давхрын нүүрний гол хэсэг одоогийн Соёмбот танхимын хэсэгт Х.Чойбалсан /Ерөнхий сайд/ мөн давхрын зүүн урд талд Ю.Цэдэнбал /МАХН -ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга/ ордны 2 дугаар давхрын зүүн урд хэсэгт Г.Бумцэнд /улсын бага хурлын дарга/ мөн давхрын баруун урд талд Ч.Сүрэнжав /Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайд/ нар байрлажээ. Засгийн газрын ордны урд талын голын хаалгаар ордонд ажиллагсад, ар талын хаалгаар удирдлагууд нэвтэрдэг, тэдний машиныг ордны арканд тавьдаг байжээ. Төрийн ордны Бунхант индэр
Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг төрийн ордны бунхант индэр 1954 онд баригдсан аж.
Москва хотын метроны зохион бүтээгч Юдин Николай Петрович ирж ажилласан байна. Өнгөлгөөний гантиг чулуун материалыг Орхоны хөндий- Хархориноос авчиржээ.
Ёслолын хуралдааныг МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Дамба нээж, хуралдаанд Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, партизан Содномдаржаа, барилгачин Сансрайдорж, академич Н.Жагварал, дэслэгч генерал С.Батаа нар үг хэлж төгсгөлд нь төрийн дуулал эгшиглэж, их буугаар 21 удаа буудаж ёсолжээ.
1954 оноос эхлэн бунхант индрийг хамгаалах, арчлах, тордох үүргийг тухайн үеийн аюулаас хамгаалах байгууллага гүйцэтгэдэг байв. 1951-1956 онд төрийн тусгай хамгаалалтын салаанаас 10 цэрэг бунхныг 24 цагаар хүндэт харуулын хэлбэрээр хамгаалж байв. 1956 оноос хойш бунхныг хамгаалах арчлах ажлыг ордны комендатурт хариуцуулж, тэнд хязгаарын цэргийн 05 дугаар анги буюу одон тэмдэгт тусгай хорооны цэргүүд тогтмол арчилгаа цэвэрлэгээ хийдэг байв.
Үүгээр 16 цэрэг үүнд: зүлгэгчид 2, гантигчин 2 /улирсан ахлагч мэргэжлийн/ цэвэрлэгч 12 /сургагдсан цэргүүд/ ажиллуулах болсон байна. Төрийн ордны анхны өргөтгөл
Төрийн ордон ашиглалтад орсноос хойш 10-аад жилд төр, засгийн олон талтай үйл ажиллагаа, түүний төв аппаратын бүтцэд өөрчлөлт удаа дараа гарсантай уялдан орчин үеийн шаардлагад тохируулан ордны барилгыг томсгон шинэчлэх болжээ.
Ордны барилгын өргөтгөлийн ерөнхий захиалагчаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хэрэг эрхлэх газрын дарга Б.Бадарч, түүний орлогчоор Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Б.Гончигсүрэн, байнгын хариуцагчаар ордны зохион байгуулах ангийн дарга Д.Дондов нар ажиллаж байжээ. Ордны барилгын өргөтгөлийн суурийн гүнийг ордны барилгын урьд баригдсан хэсгийн гүнтэй адил 4 метр бөгөөд, ялгаатай нь урьдах суурийг Богд уулын арын том хавтгай чулуугаар хийсэн бол нэмэгдсэн суурийг бетон цутгаж хийжээ.
Барилгын анхны өргөтгөлийн ажлыг 1958 онд түр барилгаар эхэлж 1959 онд жигдрэн 1961 оны зун ардын хувьсгалын 40 жилийн ойн өмнө дуусгажээ.
Өргөтгөлийн дараа ордны зүүн урд жигүүрийн ll давхарт Сайд нарын Зөвлөлийн дарга Ж.Батмөнх, lll давхарт Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал, lҮ давхарт МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурал, баруун урд жигүүрийн ll давхарт Сайд нарын Зөвлөлийн хурлын танхим, lll давхарт Намын Төв Хорооны ll нарийн бичгийн дарга Д.Моломжамц, lҮ давхарт Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Н.Жагварал нар албан ажлаа явуулах болсон байна. |
|