Мэдээ, мэдээлэл » Цаг үеийн мэдээ

Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт Төрийн ордонд 7 дугаар сарын 13-14-ний өдөр “Уялдаа холбоогоор оролцоотой хөгжил рүү” сэдвээр зохиогдож өндөрлөлөө.

Энэхүү чуулга уулзалт нь Ази-Европын 11 дүгээр Дээд түвшний уулзалтын өмнөх хамгийн сүүлийн дагалдах уулзлт ба Ази-Европын 38 орноос 700 гаруй бизнес төлөөлөгчид оролцлоо.

7 дугаар сарын 13-ны 13 цагт чуулганыг нээж Эрдэнэс Оюу Толгой ХК-ын Гүйцэтгэх захирал, уулзалтыг даргалагч Д.Ганболд “Бид Ази, Европын бизнес эрхлэгчдийг холбож, хоёр тивийн  хооронд худалдаа, бизнес хөгжихөд гарах бүх хаалтыг авч хаях хүсэлтэй байна. Иймээс бид “Уялдаа холбоогоор оролцоотой хөгжил рүү” сэдвээр чуулганыг зохиож, Ази-Европын бизнес эрхлэгчдийг холбож байгаа гэж мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы нээлтээр “Монгол Улс ОХУ, БНХАУ-тай эдийн засгийн корридор байгуулж, 32 төсөл хэрэгжүүлж байгаа. Бид мөн Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан” гэдгийг онцолсон юм.

Чуулга уулзалтын эхний хурал нь “Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх” сэдвээр чуулж, Дэлхийн банк, Ажиномото, EURACIFIC, Азийн хөгжлийн банк, Оюутолгой компани зэргийн тэргүүд эдийн засгийн өсөлт, олон талт худалдааны харилцаа, эдийн засгийн интеграц, далайд гарцгүй жижиг болон арлын эдийн засаг зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг  өрнүүллээ.

Ази-Европын уялдаа” сэдэвт хоёрдугаар хурлаар “Russian Railways”, Азийн хөгжлийн банк, Эрдэнэс Монгол ХХК, “АСЕАН, Зүүн азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн”-гийн тэргүүд дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн, худалдааны урамшуулал, мэдээлэл солилцох, өрсөлдөөнийг  нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж нэгдсэн ойлголтод хүрлээ.

7 дугаар сарын 14-ний өдөр болсон “Жижиг, дунд бизнес олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх” сэдэвтэй гуравдугаар хуралд Солонгосын жижиг бизнесийн судалгааны хүрээлэн (KOSBI), Хуавэй (Huawei), БизнесЕвроп (BusinessEurope) байгууллагын тэргүүнүүд эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын тоног төхөөрөмжийн худалдаа, түгээлтийн сүлжээ, ажиллах хүчний шилжилт, дотоодын үйлдвэр болон үндэстэн дамнасан корпорацийн харилцаа, ЖДҮ дэлхийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж ба бэрхшээл зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил” сэдэвт дөрөвдүгээр хурлаар Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк (EBRD), Soft Bank Energy Corp, Европын хөрөнгө оруулалтын банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Clean Energy Asia компаниудын тэргүүд хөрөнгө оруулалтыг дэмжих, компанийн засаглал, санхүү, нээлттэй засаглал, хариуцлагатай бизнес эрхлэлт болон ногоон хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, ногоон үйлдвэрлэл, ногоон технологид хөрөнгө оруулах, сэргээгдэх эрчим хүч зэрэг асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтыг хааж Вьетнам улсын Ерөнхий сайд Нгуен Шуан Фук, Европын комиссын Ерөнхийлөгч Жон-Клауд Юнкер, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлсэн ба хурлын дүгнэлт болох Ази-Европын 15 дугаар бизнес чуулга уулзалтын тогтоолыг маргааш АСЕМ-ын 11 дүгээр Дээд түвшний уулзалтын үеэр төр засгийн тэргүүдэд танилцуулах аж.

2016 оны 07 сарын 15 | Үзсэн : 3588