Мэдээ, мэдээлэл » Тайлан

              Тус газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 149 дүгээр  тогтоолын дагуу энэ оны 1 дүгээр сарын 1-нээс “ТЗҮЭГ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын статусаар аж ахуйн тооцоон дээр ажиллаж байна.  Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд байрлаж буй Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар зэрэг газруудтай байр, ашиглалт үйлчилгээний хамтран ажиллах “Гэрээ” байгуулав. Түүнчлэн Төрийн банкинд байгууллагын данс шинээр нээж, нэгдүгээр сарын үйлчилгээний төлбөрийг ажилчдын цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, энэ оны болон өнгөрсөн оны тогтмол зардлууд, өдөр тутмын цэвэрлэгээний материалын өрийг барагдуулахад зориуллаа. Энэ хугацаанд ТЗҮЭГ 2015 оны ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан Төсвийн шууд захирагчийн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан, 2015 оны үйлдвэр, санхүүгийн төлөвлөгөөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, санхүүгийн өнгөрсөн оны жилийн эцсийн тайланг Үндэсний аудитын газарт тус тус хүргүүлэв. Энэ сард манай газарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өөрийн дотоод аудитын шалгалт хийж, дүнгээ танилцуулав.

            ТЗҮЭГ санаачилж, нэгдүгээр сарын сүүлээр Төрийн ордонд байрладаг байгууллагуудад өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах зорилгоор “Нийтлэг үйлчилгээ-чанарын шинэчлэл” сэдэвт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, төр, засгийн төв байгууллагуудад үзүүлж буй байр ашиглалтын болон цэвэрлэгээ үйлчилгээ, харъяа байгууллагуудын нийтийн хоол, хэвлэлийн үйлчилгээг алба тус бүр цахим дэлгэцээр  танилцуулж, хэрэглэгчдэд цай, хөнгөн зуушаар үйлчилсэн бөгөөд энэхүү арга хэмжээнд холбогдох Тамгын газруудын удирдлага, албан хаагчид оролцсон болно. Тайлант хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал гардуулах болон төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэх, УИХ-ын Тамгын газраас зохиосон шатрын улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг Төрийн ёслол хүндэтгэлийн 40 гаруй арга хэмжээний  цэвэрлэгээ, үйлчилгээний бэлтгэлийг хангаж ажилласны дээр УИХ-ын нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаан, Засгийн газрын хуралдааны заал, танхимын цэвэрлэгээ, үйлчилгээг стандартын дагуу хийж гүйцэтгэлээ. Манай газар “Шилэн дансны тухай” хуулийн хэрэгжилтэд анхаарч, шилэн дансны цахим хуудас нээж, санхүүгийн зохих мэдээлэл оруулсны зэрэгцээ аж ахуйн дотоод тооцоонд орсонтой уялдан санхүүгийн тайлан, программд өөрчлөлт оруулж, зарим үйлчилгээний нэгж, хэсгүүдтэй түрээсийн “Гэрээ”-г шинэчлэн байгууллаа. Тус газар гүйцэтгэсэн ажилдаа тооцоо, судалгаатай хандах үүднээс ажлын арга барилдаа өөрчлөлт оруулж, “Гэрээ”-т газруудад үзүүлж байгаа бүхий л нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмж, гүйцэтгэлд хяналт тавих, нөгөө талаар үйлчлүүлэгч нарын  санал, үнэлгээг  тухай  бүр  авч байх зорилгоор “Үйлчилгээний хяналтын хуудас”-ыг гарган бүртгэлжүүлж ажиллаж байна. Ингэснээр тус газрын доторх алба нэгж, ажилтан бүрийн ажлын чанар, гүйцэтгэлийг 7 хоног, сар, улирал тутам ил тодоор дүгнэн ажиллах боломжтой  болсны дээр Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад үзүүлсэн үйлчилгээг байгууллага тус бүрээр ялган дүгнэх боломж бүрдэв. Энэ нь эцсийн дүндээ үйлчлүүлэгч байгууллагуудад сар тутам өгөх мэдээлэл, ажлын гүйцэтгэл тодорхой баримтад үндэслэх боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой гэж үзэж байна.

            Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газраас гэрээт байгууллагуудад үзүүлж буй 7 багц үйлчилгээний хүрээнд гүйцэтгэсэн ажлаа дээр дурдсан баримтад тулгуурлан гаргалаа. Өнгөрөгч 1 дүгээр сард манай газрын дуудлага, шуурхайд Төрийн ордонд байрладаг 7 байгууллага нийтдээ 586 дуудлага өгсөн бөгөөд тэдгээрийг 100,0 хувийн буюу “хангалттай” үнэлгээтэй  хэрэгжүүлсэн байна. ТЗҮЭГ-аас үзүүлж буй тогтмол байнгын нийтлэг 7 багц үйлчилгээний талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.Төрийн ордны доторх 27853,7 м2 талбайн  өдөр  тутмын цэвэрлэгээг өдөр бүр 2 удаа, дуудлагаар 35 өрөөнд хийж, 26275м2 талбай бүхий хивсийг цэвэрлэж, албан өрөөний 610ш хөшиг, тюль угааж индүүдэн төрийн ёслол, хүндэтгэлийн 44 удаагийн арга хэмжээний бэлтгэлийг хангаж, өрөөний шилжилт хөдөлгөөний 229 удаагийн зөөврийн ажил гүйцэтгэж, тюль 493ш, янз бүрийн хөшиг 566ш, гарын алчуур 253ш, сальфетка 167ш, суудлын болон сандлын бүрээс 235ш, бусад 305ш, нийт 2020 кг эдлэл угааж цэвэрлэсэн байна. Үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэхэд зориулж 70 гаруй нэрийн  9,7 сая төгрөгийн бараа материалын ханган нийлүүлэлт хийж ажиллалаа.

2.Заал танхимуудын 6612,29 м2 талбайд өдөр тутмын цэвэрлэгээ, ариун цэврийн өрөөний 1081,69 м2 талбайд цэвэрлэгээ тогтмол хийж, Төрийн ордны дотор 46ш цэцэг шинээр солж, 1 өрөөг шинээр цэцэгжүүлэн Төрийн ордны гаднах 29884,32 м2 талбайн цэвэрлэгээг тогтмол хийж, мужааны жижиг засварын 197 ажил хийлээ.

3.Төрийн ордныг цахилгаанаар хангах тоноглолын хэвийн ажиллагааг 24 цагаар жижүүрлэн хангаж, “УБЦТС” ХК, Зүүн түгээх төвийн шуурхай албатай хамтран ээлжит үзлэг шалгалт хийж, 6 кВ, 0,4 кВ, АВР, Т1, Т2, болон дизель генераторын хэвийн ажиллагааг хянаж доголдолгүй ажиллан 168024,16 квт цаг цахилгааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангаж, нөөцийн дизелийг бэлэн байдалд байлгасан бөгөөд ордны нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн бүрхүүлийн 50 хувийг арчиж цэвэрлэн, 459ш гэрлийн шил /янз бүрийн маркийн/ сольж, цахилгааны жижиг засварын 80 удаагийн ажил, 8ш цахилгаан шатны ээлжит үйлчилгээ хийж, баталгаажуулалтын гэрээ байгуулан ажиллалаа.

4.Төрийн ордны дулаан хангамж, хөргөлт агааржуулалтын тоноглолын хэвийн ажиллагааг 24 цагаар жижүүрлэн найдвартай байлгаж, 118039 к/калл дулаанаар хангахын зэрэгцээ графикт цэвэрлэгээ, урсгал засваруудыг хийж агааржуулалтын 9 машиныг тогтмол, 2 машиныг шаардлагатай үед ажиллуулж, шүүлтүүрүүдийг цэвэрлэж ажиллалаа.

5.Төрийн ордны усан хангамжийн тоноглолыг хэвийн найдвартай ажиллуулахаар 24 цагаар хяналттай ажиллаж, хоногт 3426 м3 усаар хангаж, усан хангамжийн тоноглолд 58 удаагийн засвар үйлчилгээ, ариутгах татуургын тоноглолын 49 гэмтлийг засварлаж ажиллалаа.

6.Төрийн ордны эрүүл ахуйн хяналтыг 21 удаа, заал танхимын эрүүл ахуйн хяналтыг 46 удаа тус тус хийж, ажлын байранд 22-25 хэмийн дулаан, 20,9-39,8 хувийн чийгшилийг тогтмол барьж ажиллалаа.

7.Төрийн ордноос гарсан хуурай 50 гаруй тн хогийг 17 удаа ачиж, зөөх ажлыг гүйцэтгэлээ. Дээрх ажлуудаас гадна өдрийн цагаар албан өрөөнийхөө түлхүүрийг орхиж ирснээс шалтгаалан 43 удаа хаалга онгойлгож өгсөн, 455а, 170а, 193, 260, 264, 279, 484 дугаар өрөөнүүдэд барилгын урсгал засварын ажил, Төрийн ордны гадна зүүн талын бохирын шугамын бөглөрлийг гаргах, ухаж лайдах зэрэг нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

 

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

 

 

 

2015 оны 02 сарын 06 | Үзсэн : 1744