Мэдээ, мэдээлэл » Тайлан

             Байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулалт, хүний нөөцөд тавигдах шаардлагыг хэрэгжүүлэн, ажилтнуудын ажиллах нөхцөл, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага, хууль эрх зүй, мэдээллийн технологийн стандарт мөрдөх үйл ажиллагааг чиглэл болгож, харьяа байгууллагуудыг заавар, зөвлөгөөгөөр хангаж зорилтот төвшинд хүргэн ажиллаж ирлээ.

             Нэг. Удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн чиглэлээр

“Хөдөлмөрийн дотоод журам”, “Ажилтанд ажлын үр дүнгээр урамшуулал олгох журам”, “Ёс зүйн дүрэм”, “Ёс зүйн хорооны ажиллах журам”, “Захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам” бүрэлдэхүүнийг шинэчлэж газрын зөвлөлийн хурлыг 7 удаа, шуурхай хурлыг 43 удаа зохион байгуулж, хурлаас гарсан шийдвэр, үүрэг даалгаврыг И-оффис системээр холбогдох ажилтнуудад тухай бүр өгч хэрэгжүүлэх арга хэмжээг авч, тушаал шийдвэрийг хуульд нийцүүлэн 106 гэрээнд эрх зүйн хяналт хийж ажиллаа.

Тус байгууллагаас 2016 онд байгуулсан нийт 77 гэрээнд Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг гэрээ тус бүрд гаргаж ЗГХЭГ-т хүргүүлсэн.

Тайлант хугацаанд газрын захирлын 355 тушаал гаргаж үүнээс хүний нөөцийн чиглэлээр ажил зохицуулсан 208, ажлын хариуцлага алдсан 15 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулжээ. Өргөдөл 96 хүлээн авч 64-г шийдвэрлэжээ. Байгууллага, аж ахуйн нэгжид 372 бичиг явуулж 99 албан бичиг хүлээн авч, 3217 хуудас албан баримт бичиг олшруулж, ЗГХЭГ-аас 23 бичиг хүлээн авч хариуг хугацаанд нь өгч ажиллаа.

Хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн батлуулж нийт 193 ажилтантай гэрээг шинэчлэн байгуулж, 32 ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн 165 ажилтны мэргэжил, боловсрол, ажилласан жил, гэр бүлийн байдал, шагнал урамшууллын судалгааг тодотгож хувийн хэргийг баяжуулав.  

Ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн дагуу гачигдал тохиолдсон 25 ажилтанд 21,7 сая төгрөгийн тусламж олгож, Цагаан сар, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан тус газрын 150 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тайлангийн хугацаанд хэрэглэгчдээс давхардсан тоогоор 3677 дуудлага хүлээн авч 3562 удаагийн ажлыг 8 нэгж хэсгүүдэд хувиарлан шуурхай арга хэмжээ авч зохицуулан хийсэн  ажлын гүйцэтгэл 99.3%-тай байна.  

Дуудлагаар үйлчилгээ авсан байдлыг байгууллагаар тооцвол УИХТГ-1468, ЗГХЭГ-581, ЕТГ-183, ҮАБЗ-94, ТЗҮЭГ-1192, ТТХГ-107, Бусад-52 байгаа бөгөөд дуудлагын үйлчилгээг Барилга, инженер техникийн хэлтэс 2217 удаагийн дуудлага буюу 60,29%, Үйлчилгээний хэлтэс 1400 удаагийн дуудлага буюу 37,08%-ийг тус тус хүлээн авч хийж гүйцэтгэсэн нь цахилгаан, гэрэлтүүлгийг засвар 549 удаа буюу 14,93%, дулаан сантехник, салхивчийн 433 удаа буюу 11,77%, мужааны үйлчилгээ 1187 удаа буюу 32,28%, цэвэрлэгээ, үйлчилгээ 193 удаа буюу 5,2%, ачих буулгах, зөөвөрлөх 733  удаа буюу 19,9%, өрөө онгойлгох үйлчилгээ 449 удаа буюу 12,2%, техник хэрэгслийн засвар 48  удаа буюу 1,3%-ийн ажлуудыг хийсэн байна.

Чанар стандарт, сургалтын талаар

Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбай, албан өрөөний цэвэрлэгээ үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, ISO-9000 чанарын удирдлагын тогтолцооны стандартын хэрэгжилтийг сайжруулах, багуудын чанарын дугуйлангийн үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор чанарын багууд, нэгж хэсгүүдийг хамруулан жилийн ажлын удирдамж, зөвлөгөө боловсруулж газрын захирлаар батлуулан ажиллаж ирлээ.

Баг, хэсгийн ахлагч, зохион байгуулагч, мэргэжилтэн, инженер, хэлтсийн дарга нарт чанарын тогтолцоо, ажлын байрны хөдөлмөр зохион байгуулалт 5S зарчим, Кайзен санал санаачлага, байгууллагын Чанарын гарын авлага сэдвээр 4 цагийн сургалт зохион байгуулж, чанарын дугуйлангийн ажлыг эрчимжүүлэн үйлчилгээний багуудад тулгамдаж байгаа асуудал, чанарын дугуйланг хэрхэн үр ашигтай ажиллуулж, үр дүн гаргах талаар сургалт, заавар зөвлөгөө өгч, хичээлийн лекцийг Е-office системд байрлууллаа.

Газрын дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа эрх зүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах саналыг холбогдох хэлтэст хүргүүлж, ажилтнуудыг чийрэгжүүлэх, хамт олны нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, спорт заал тогтмол ашиглах талаар байгууллагын удирдлагад танилцуулан дэмжүүлж ажиллаа. 

Сургалтын төвд 60 гаруй хүнд үйлчлэгчийн мэргэжил олгож, мэргэжлийг дээшлүүлэн “Чанарын болон Байгаль орчны удирдлагын тогтолцооны дотоод аудитын явуулах арга зүй” сэдэвт сургалтад хариуцсан мэргэжилтнээ оролцуулаа.

Эрүүл ахуйн хяналт, архивийн үйлчилгээ

Төрийн ордны уулзалт, зөвлөгөөний танхим, УИХ-ын чуулганы танхимд болсон хурал, зөвлөгөөн, арга хэмжээ бүрийн өмнө агаарын хэм, чийглэгийг хэмжиж, тэмдэглэл хөтлөн шаардлага хангаагүй тохиолдолд салхивч хариуцсан инженер, ажилчдад танилцуулж, ажлын байрны бичил цаг уурыг стандартын шаардлагад нийцүүлэх ажлыг гүйцэтгэлээ.

Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбай, албан өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ, цайны үйлчилгээний эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт хийж, илэрсэн зөрчилтэй холбогдуулан баг, хэсгийн ахлагч нарт 3 удаа зөвлөмж өгч, биелэлтийг хангуулан, хүйтний улирал эхлэхээс өмнө ахуйн байрны засварыг хийлгэж, үйлчилгээний 1, 3-р багийн ажилчдыг салхивчийн 39-р хонгилоос өрөөнд нь нүүлгэж оруулсан нь ажилчид өвчлөхөөс урьдчилан сэргийлсэн, түр амрах нөхцөлөөр хангагдсан арга хэмжээ боллоо. 

Үндэсний их баяр наадам, бусад баяр, тэмдэглэлт өдрийн  визит үйлчилгээ, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, заал танхим, гадна талбай, ариун цэврийн өрөө, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт, цайны үйлчилгээний бэлтгэлийг урьдчилан хянаж, зохих төвшинд бэлтгүүлж ажиллаа.

Амралт үйлчилгээний цогцолборын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн хяналт тавьж, Төрийн ордонд зохион байгуулагдсан АСЕМ, АСЕМ-ын "Бизнесийн чуулган" салбар хуралдааны үйлчилгээний бэлтгэл, 1200 хүн оролцсон хүндэтгэлийн ажиллагааны үдийн хоол, цайны завсарлагын үед хүнсний эрүүл ахуйн хяналтыг Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, төрийн тусгай хамгаалалтын газрын эрүүл ахуйч нартай хамтран хийж, хүнсний хордлого халдвар гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Төрийн ордны цэвэр усны шугам шинэчлэн солигдсон тул усны шинжилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэлээ.

Тайлант хугацаанд албан өрөө, заал танхим, ахуйн байр барилгын подваль, ариун цэврийн өрөө, нийтийн эзэмшлийн талбайн 8400 м2, амралт үйлчилгээний цогцолборын төрийн ордны зоогийн газрын 2600 м2 талбай, нийт 11000 м2 талбайд 3 удаа шавьж устгал, Маршал харшийн цэцгийн хүлэмж, Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбайд мэрэгч устгалын хор тавих ажлыг гүйцэтгэлээ.

АСЕМ болон баяр наадмын үйлчилгээний бэлтгэл ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2013 оны 212-р тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвтэй эмнэл зүйн урьдчилан сэргийлэх шинжилгээ хийлгэх гэрээ байгуулж, цай зөөгч, хоол бэлтгэгч зэрэг 18 ажилтныг бацилл хадгалагч, шимэгч хорхой илрүүлэх, хамар залгиурын арчдас, БЗДХ-ыг илрүүлэх, сүрьеэгийн шинжилгээ зэрэг 5 төрлийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан.

Газрын нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах гэрээг Хавдар судлалын мэргэжилтнүүдийн нийгэмлэгтэй байгуулан ажилласнаар 106 хүн үзлэгт хамрагдлаа. Үзлэгийн нэгдсэн дүн, тайланг байгууллагын дотоод сүлжээ (eoffice)-нд мэдээлж, давтан үзлэг, шинжилгээнд орох шаардлагатай ажилчдад зөвлөгөө өгч ажиллав.

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 171 дүгээр тушаалын дагуу газрын хэмжээнд химийн бодистой харьцаж ажилладаг ажилтанд хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн олгох нормыг шинэчлэн батлуулж, 10 ажлын байрны 47 ажилтанд 0,25 литр сүүг нормын дагуу олгуулж байна.   

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь шинэ байрандаа нүүж ирж байгаа тул манай газрын ажилтнууд уг эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тогтмол авах боломж бүрдэж байна.

“Хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, хэрэгжүүлэх журам”-ын дагуу ажил, үйлчилгээний 16 асуулга бүхий хуудсаар, албан нэг өрөөнөөс нэг хуудсаар санал авах 204 хуудсыг тарааж, дүнг нэгтгэн газрын удирдлагад танилцуулсан.

Газрын захирлын тушаалаар Байгууллагын архивын дүрэм, Баримт бичиг нягтлан шалгах комиссын бүрэлдэхүүн зарим дүрэм, журмыг шинэчлэн, хөтлөх хэргийн нэрийн жагсаалт батлуулан мөрдөн ажиллаж, байгууллагын архивт 2016 онд нийт 84 хавтас баримтуудыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу хүлээн авч, стандарт хангасан эсэхийг шалган, данс бүртгэл үйлдлээ.

Архиваас газрын захирлын тушаал, явуулсан бичиг, 1976-1995 оны цалингийн карт, тендерийн материал, Их эзэн Чингис хааны хөшөө, ТЁХӨЦ-ын халаалт салхивчийн ажлын зураг зэрэг нийт 571 хуудас материалыг цахим хэлбэрээр лавлагаа үзүүлж, хадгаламжийн 55 нэгжийг ажилтнуудад түр хугацаагаар ашиглуулан бүртгэл хөтөлж, 2015 онд гарсан захирлын тушаал, явуулсан бичиг, ирсэн бичиг, өргөдлийн 12 хадгаламжийн нэгжийн 3022 хуудас материалыг тоолж дугаарлан, цахим архивын системд бүртгэлээ.

Бусад ажлын талаар:

Дуудлагын автомашиныг хэлтсүүдэд ажлын шаардлагын дагуу хуваарилан зохицуулж, ордны хог ачих ачааны машиныг хуваарийн дагуу 96 удаа, нэмэлтээр 11 удаа, ачааны автомашиныг ажлын шаардлагын дагуу 39 удаа захиалж, бараа нийлүүлдэг компаниудын нэрс, бараа бүтээгдэхүүн түгээгч автомашиныг Төрийн ордны Хамгаалалтын албанд хүргүүлж, 142 удаа зөвшөөрөл авч ажиллажээ.

Байгууллагын ажилтны ирцийг хянах, цаг ашиглалтыг сайжруулах зорилгоор цаг бүртгэлийн систем нэвтрүүлж, дотоод цахим системд холбон хэвийн найдвартай ажиллагааг бүрдүүлж, мэдээллийн санг тогтмол баяжуулан удирдлагыг үнэн зөв мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.

Дотоод сүлжээ, серверт 42 удаа үзлэг, үйлчилгээ хийж, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангаж, интернетийн гарцын серверийг шинэчилж, галт ханын тохиргоог хийж, байгууллагын ажилтнуудын зарим өрөөнд утасгүй интернет /Wi-fi/-ийн орчин бий болгож, мэдээлэл солилцох бололцоогоор хангаж, санхүүгийн серверийг шинэчлэн, төв аж ахуйн хашаанд хяналтын камер шинээр суурилуулж, ЛЭД дэлгэц ашигласан 30 гаруй удаагийн арга хэмжээний хэвийн ажиллагааг хангаж ажиллаа.

ЗГХЭГ-ын Төрийн ёслолын хэлтэстэй хамтран “Төрийн ёслолын журмыг хэрэгжүүлэхэд нийтлэг үйлчилгээний үйл ажиллагаа” сэдэвт сургалт, ТЗҮЭГ-ын нээлттэй өдөрлөгийн арга хэмжээг 20 аймаг,  нийслэл, нийтлэг үйлчилгээний 1  байгууллагын удирдах ажилтнууд нийт 54 хүнийг хамруулан 11 дүгээр сарын 24-26-нд Төрийн ордонд зохион байгууллаа

Газрын хэмжээнд хаврын өдөрлөгийг “Улам улам өөдөө” уриан дор Хүүхдийн олон улсын “Найрамдал төв”-д, “Бид хамтдаа” спортын өдөрлөгийг одон бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлөөр “Говь” ХХК-ийн спорт зааланд, Төрийн ордонд үйл ажиллагаа явуулдаг 11 байгууллагын дунд уламжлал болж зохиогддог “Нэгэн дээвэр дор” тэмцээнийг боулингийн төрлөөр “BIG BOWLING” төвд тус тус зохион байгууллаа.

              Хоёр. Санхүү, бүртгэлийн ажлын талаар

Төсөвт байгууллагад шилжин ажиллахтай холбогдсон санхүүгийн хаалтын болон эхлэлийн баланс тайлан гаргаж баталгаажуулан, 2015 оны жилийн эцсийн тайланд шалгалт хийх хуваарийн дагуу Номгон Аудит ХХК-аас шаардсан бүх баримт бичгийг гаргаж өгч шалгууллаа. Аудитын дүгнэлтээр зөрчилгүй буюу хангалттай үнэлгээ авсан ба санхүүгийн анхан шатны баримт материал, бүртгэл тооцоо эмх цэгцтэй байна гэж дүгнэсэн. Тайлангийн хугацаанд санхүүгийн явцын аудитыг тогтмол хийлгэж зөрчилгүй ажиллаа.

Хэвлэх үйлдвэрийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, газрын захиралтай байгуулсан үр дүнгийн гэрээ биелэлт, орлого, зарлага, үр дүнг захирлын зөвлөлийн хуралд танилцуулж дүгнэсэн.

Газрын шилэн дансны мэдээллийг хуульд заасны дагуу баримтлах цаг хугацаа, хэрэгжүүлэх ажлын хүрээнд шилэн дансны цэсэнд мэдээлж ажиллаа. 

Газрын дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулан Төсвийн Ерөнхийлөн захирагчид хуулийн хугацаанд хүргүүлж, Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт төсөв хамгаалж, 2017 оны хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулан Төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлээ. 

Сар бүр үндсэн болон нэмэлт санхүүжилтийн дансны төсвийн гүйцэтгэлийн мэдээ, төсвийн хэтрэлт, хэмнэлтийн тооцоо гаргаж ЗГХЭГ-ын санхүүд тайлагнаж байна. Нийгмийн даатгал, Татварын хэлтэст өр төлбөрөө барагдуулж, харилцагч байгууллагуудад өр, авлага үүсгээгүй болно. 

Төсвийн зарцуулалтын журмын өөрчлөгдсөн заалттай холбоотойгоор төсөвт цахилгааны зардалд төсөвлөгдсөн Төрийн ордны цахилгааны бэлэн байдлыг хангаж ажилладаг дизель станцын ажилчдын цалин, нийгмийн даатгалын зардлыг цахилгааны төсвөөс гарган шилжүүлэх боломжгүй болсон тул Төрийн сангийн төсөв бодлогын газрын зөвшөөрснөөр цахилгааны зардлаас 37,589.1 мянган төгрөгийг “Бусдаар гүйцэтгүүлсэн гэрээт ажлын хөлс” эдийн засгийн ангилалд шилжүүлж санхүүжүүлсэн билээ.

Бэлтгэн нийлүүлэгч байгууллагуудтай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж материалын нормд судалгаа хийж, нормоо шинэчлэн батлуулж, ажилласны үр дүнд харилцагч гэрээний дагуу захиалгат бараа материалыг өөрийн тээврээр хүргэж ирдэг болсноор тээврийн зардлаа хэмнэж байна. 

Агуулахад байгаа сантехникийн болон цахилгааны материалын үлдэгдлийг и-оффисоор инженер техникийн ажилтнуудад сар бүрийн эхэнд мэдээлж байна. 

"Өмч эзэмшлийн гэрээ"-ний биелэлтийг 2016 онд улсын үзлэг тооллоготой холбогдуулан Сангийн яамнаас ирүүлсэн маягтуудын дагуу 2015 оны үндсэн хөрөнгийн тооллогын нэгдсэн тайлангаар гаргаж хугацаанд нь хүргүүлсэн.

                           Гурав. Барилга, байр ашиглалтын ажлын талаар

Улсын төсвийн 2017 оны хөрөнгө оруулалтын төсөлд УИХ-ын чуулганы танхимын дээврийн дулаалга солих, Төрийн ордны модон цонхыг вакуум цонхоор солих, галын усны шугамын засвар, ТЁХӨЦ-ын галлерейн хэсгийн таазны засвар, төв аж ахуйн складуудын засварт 2`275,0 сая төгрөг тусгуулж ажиллаа.

Төрийн ордны нөөц дизель станцыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд шилжүүлэх тухай Засгийн газар, ТӨХ-ны шийдвэрийг хэрэгжүүлэх талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд шилжүүлж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газарт тавьж шийдвэрлүүлсэн.

Их танхимын тайзны модон өнгөлгөө, дотор засал, тохижилт, өөрчлөлтийн зураг хийх, УИХ-ын чуулганы танхим болон I, II давхрын нийтийн эзэмшлийн хөшиг, Их танхим, “Чингис хаан”, “Д.Сүхбаатар”, В, Г танхимын хивс шинэчлэх, Ерөнхийлөгчийн албан ажлын өрөөнд гэрлийн бүрхүүл сонгох, Ерөнхий сайд асаны хөрөг зуруулж байрлуулах, Төрийн ордны өрөөний дугаар шинэчлэх, Иргэдийг хүлээн авах байр, УИХ-ын мэдээлэл, үйлчилгээ удирдлагын төв, Визит танхимын хүлээлгийн өрөөг тохижуулах загвар боловсруулах ажилд архитекторын шийдэл гаргалаа.

Төрийн ордонд Их танхимын урд гэгээвчийн 2, Товчоо гуанзны гэгээвчийн 9, хойд шатны хонгилын 2, II давхрын нарийн коридорын 14, уулзалтын Визит танхимын 5, хуралдааны “Д.Сүхбаатар” заалны 10 цонхны хөшиг тюль, Их танхим, “Чингис хаан”, “Д.Сүхбаатар”, В, Г танхимуудын хивсэн дэвсгэрийг шинэчлэх, өнгө, загвар, дизайны сонголт хийх, Их танхимын тайзны хөшиг болон хөшигний механизм, проекторын дэлгэц тогтоох тоноглолыг суурилуулах үйл ажиллагаанд гэрээ байгуулан ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ашиглалтад хүлээн авлаа.

Төрийн ордны Их танхимын тайзны даавуун хөшигт галд тэсвэртэй нэвчилгээ, гал унтраагуур, галын дохиолол суурилуулах ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, хучилт болон бусад даацын бүтээцэд лабораторийн дүгнэлт гаргах ажлыг ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн оношлогоо зураг төсөл, судалгааны “Реконстракшн” төвтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлэв.

Төрийн ордонд хүчитгэл бэхэлгээний шинжилгээ судалгаа хийх чиглэл, арга, хамрах хүрээг тодорхойлж, өрөө тасалгаа, заал танхим, нийтийн эзэмшлийн газарт урьдчилсан үзлэг хийж, шинжлэх цэгүүдийг тогтоон, УИХ-ын чуулганы танхимын төлөв байдалд МХЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаа.

УБЦТС ХК-ны зэргийн болон группийн сургалтад цахилгааны техникч 1 хүн, цахилгаанчин 3 хүнийг ХАБЭА болон цахилгаан хангамж, реле хамгаалалт, сүүлийн үеийн дэвшилтэт технологийн хөгжил, эрчим хүч хэмнэлтийн бодлогын мэдлэг олгох 16 цагийн сургалтанд хамрууллаа.

Цахилгаан хангамжийн талаар

Төрийн ордны цахилгаан хангамжийн ХТ, ХС, ГС самбаруудын хүчин чадал, тоо хэмжээ зэргээр нь ангилж шинэчлэх тоог гаргаж үнийг судлан 0,4 кв-ын цахилгаан хангамжийн 30 ш самбаруудыг сольж, цахилгаан хангамжийн 2*630 КВА трансформатор бүхий 6 кв-ын дэд өртөөний тоног төхөөрөмжид сар бүр үзлэг үйлчилгээг УБЦТС ХК-тай хамтран хийж, хэрэглээг нийт 4 ш 3 фазын гүйдлийн трансформатор бүхий хүчний тоноглолоор найдвартай үл тасалдах хэлбэрээр 1,164,875.75  квт/ц цахилгаанаар хангаж ажиллаа. 

Төрийн ордны А, Б, их танхим, ТЁХӨЦ-ын А, Б танхимын цахилгаан хангам-жид найдвартай үл тасалдах нөхцөл бүрдүүлэх 10 кв бүрэн чадалтай 5 ш UPS45 A/H-ийг угсарч, их танхим, А, Б, Г танхимуудыг цахилгаанаар хангадаг Щ1, ПП1, ПП3 цахилгааны щит самбаруудад 2,8 ом-ийн эсэргүүцэлтэй 4 ш газардуулга хийв.

Төрийн ордны нийтийн эзэмшлийн талбайн гэрэлтүүлгийн 8 салаа бүрхүүлийг дөрвөлжин гэрлээр солих, цахилгааны ерөнхий щитүүдэд галын хор байрлуулах, гэрэлтүүлэг сайжруулах, АҮЦ-ын ерөнхий щитэд 3 фазын тоолуур холбох, ахуйн байранд хүчний шугам монтажлах, хашааны шонгийн гэрэлтүүлгийг бүрэн асаах, аж ахуйн хашааны 11 ш шонгийн гэрлийг лед гэрлээр шинэчлэх, ордны гадна гэрлүүдийн кабель шинэчлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Төрийн ордны нийт 8 ш цахилгаан шатанд графикт засвар үйлчилгээ хийж хонгилын болон, кабины гэрэлтүүлэг, моторын тос солих, зам төмрийн тослогоо, эсрэг ачааны троссны тослогоо, мөн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг үзүүлж, АҮЦ-ын цахилгаан шатны троссны ашиглалтын хугацаа дууссан тул шинэчлэв.

           Барилгын засварын ажлын талаар

Шуурхай зохицуулагчаас ирсэн  100 гаруй дуудлагад үйлчилж, Төрийн ордны II давхрын В2 жигүүрийн ажлын өрөөнүүд, УИХ-ын дэд даргын ажлын өрөөнүүдийг иж бүрэн засаж хүлээлгэн өгсөн бөгөөд нийтийн эзэмшлийн болон ажлын 94 өрөөний 23239,87 мкв талбайд барилгын урсгал засварын ажил хийлээ.

Сантехник, цэвэр бохир ус, дулаан хангамжийн үйлчилгээний талаар

Төрийн ордныг 245268 м3 хэрэглээний цэвэр усаар хангаж, мөн ийм хэмжээний бохир усыг зайлуулах ажиллагааг доголдолгүй гүйцэтгэв.

Хэрэглээний халуун усны узель болон хүлэмжний дулааны узель, төрийн ордны дулааны хоёр узель, халаалтын салбар шугамуудад ф100-ын 6 ш хаалтыг шинээр монтажлаж, нэмэлт усны насосыг засварлах, хог шүүгч цэвэрлэх, хаалт арматур, фланецын засвар үйлчилгээ хийж, ерөнхий шугамын манометрыг сольж, өргөтгөлийн узелийн халаалтын насосыг шинэчлэн, цэвэр усны төв узелийн хэрэглээний усны насосны автомат удирдлагыг засварлаж, УБДШС ХК-тай хамтарч дулааны шугамын нягт шалгах ажлуудыг хийж, дулаан авах, төрийн ордны халаалтыг жигдрүүлэх ажлыг гүйцэтгэж, бохирын 24 ш худгуудыг лайдаж цэвэрлэн өвлийн бэлтгэлийг хангалаа.

Хэвлэх үйлдвэрийн цэвэр усны ф20 шугам, ТЁХӨЦогцолборын 3-р давхрын ариун цэврийн өрөөний хэрэглээний усны ф15 шугам хэсэгчилж солих, салхивчны узелийн баруун талын галын усны ф50-ын, баруун талын буфетны хэрэглээний усны ф25-ын 2 ш, ф32-ын 1 ш, Их танхимийн ариун цэврийн өрөөнд ф25-ын хаалт тус тус шинээр суурилуулж, Төрийн ордны баруун талын цэвэр усны 135 м шугам, хаалтуудыг сольж, бохирын 77,5 м шугам, 2ш худаг шинээр засварлаж, ариутгах татуургын тоноглолын үйлчилгээ 235, сантехникийн засвар үйлчилгээний дуудлага 95, сантехникийн засварын  угтах үйлчилгээг 18 удаа хийсэн байна. Төрийн ордныг 9582,5 ккал дулааны эрчим хүчээр хангаж өрөө тасалгааны дулааныг 20-23 хэмд барьж, дулааны шугамд 15, халаах хэрэгсэлд 54 удаа тохиргоо хийлээ.

 Мужаан, засварын ажлын талаар

Нийт 1151 удаагийн шуурхай дуудлагаар үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнд: хананд төрөл бүрийн жаазтай зураг болон эд зүйлс  тогтоох 610 ш, сейф онгойлгох, цоожинд шинээр түлхүүр тааруулах 35 ш, хурлын болон бичгийн ширээ салгаж угсрах 34 ш, хаалганы цоожны аппарат засварлах, гол, шкаф, шургуулганы цоож засварлах 231 ш, сандал, тумбочкны хугарсан дугуй шинээр солих 52 ш, сандлын засвар 48 ш, цонхны засвар үйлчилгээ 109 ш, шкаф шинээр угсарч засварласан 114 ш, хаалга суулгах, засварлах 55 ш, дээврийн засвар 4 удаа, 19,97 м2 ширээ, тумбочик хусаж лакдсан бөгөөд бусад ажлын дуудлагаар 155 удаа үйлчилж, Их танхимын сандлуудыг буцаан байрлуулж шаланд бэхлэн гэгээвчний 8 цонхонд тор хийж, баруун зоорийн давхарт 95,45 м2 дүүжин тааз хийсэн.

Үндэсний их баяр наадмын үйлчилгээний бэлтгэлд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэхэд Ерөнхийлөгчийн үг хэлэх тавцан, есөн хөлт их цагаан тугны суурийг байрлуулж, АСЕМ-ын уулзалтад зориулсан бэсрэг наадмын талбайд тугны суурь шилжүүлэн байрлуулж, 16 ш кресло, 8 ш  буйдангийн бүрээс, Жанжин Сүхбаатар танхимд 25 м хөшигний зам шинэчлэн, цэцгийн хүлэмжний 192 м2 хуучин шилийг салгаж, угаагаад буцааж наах, ахуйн байрны орох хаалга, 403-р өрөөний модон доторлогоог буулгаж дахин шинээр хийх засварын ажлыг хийлээ.

Ерөнхий сайдын өрөө, УИХ-ын дэд даргын өрөөний цонхнуудын модон амлагааг буулгаж гадна төмөр тавцангуудыг бэхэлж чигжин, амралтын өрөөнд хөшигний зам, комиссаруудын өрөөний цонхны амлагааг шинээр хийж, ариун цэврийн өрөөний хаалга лакдаж, үүдний халаах хэрэгслийн хаалтын нишний чулууг буулгав.

Төрийн ордны дээврийн К1, К2 жигүүрийн хэсэгт хуучин шилэн хөвөнг цэвэрлэж шинээр хар цаас дэвсэж дулаалав.

Хөргөлт агааржуулалтын талаар

УИХ-ын чуулганы танхимд хөргөлт өгч, агааржуулалтын системийн ажиллагааг хэвийн байдалд ажиллуулав. К1, К2, К3, Б1, Б2 жигүүрийн кондиционер,ТЁХӨЦ дахь бүх төхөөрөмжүүдэд техникийн үзлэг үйлчилгээ, К1 төхөөрөмжийн халаалтын шугамын холбох хэрэгслийг засварлан, Ерөнхий сайдын өрөөний засварын ажлын явцад эйркондишны холболтыг салгаж, халаалтын радиатор сольж, агааржуулалтын системийн хэвийн ажиллагаа хангах шүүлтүүр хийж, сэнс суулган Төрийн ордны 415, 305 тоот өрөөнүүдийн эйркондишнд иж бүрэн үзлэг үйлчилгээ хийв.

Төрийн ордны баруун, зүүн, хойд, урд голын хаалганы 6 ш агаарын хөшгийг шинээр угсарч, ариун цэврийн өрөөнүүдийн таазанд агаар сорох нийт 25 сэнс байрлуулж  барилгын агааржуулалтад уян хоолойгоор  холболт хийлээ.

Дөрөв. Нийтлэг үйлчилгээний талаар

Нийтлэг үйлчилгээний үйл ажиллагааг цэвэрлэгээний 8 баг, цай, угаалга, оёдлын хэсгийн бүрэлдэхүүнтэй явуулж, ажлын чанарын 97 хувийн үнэлгээтэй ажиллалаа. Үйлчилгээний ажилчдын ажлын чанарыг жилийн байдлаар нэгтгэн дүгнэж “Үйлчилгээний ажилтанд ажлын үр дүнгээр урамшил олгох” журмын дагуу ажилтнуудад зохих урамшил олголоо.

Төрийн ордон, ТЁХӨЦ-ын цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг “Ажлын байрны цэвэрлэгээ үйлчилгээ ерөнхий шаардлага” (CS-11-0060:2015) стандартын дагуу хийж заал танхимуудад зохион байгуулагдсан нийт 2379 удаагийн 208300 хүн хамрагдсан хурал, зөвлөгөөний үйл ажиллагааны үйлчилгээг хангаж ажиллаа.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр, АСЕМ-ын салбар хурлуудын үйл ажиллагааны бэлтгэлийг чанарын өндөр төвшинд зохион байгуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худгийн үйлчилгээ, АСЕМ Вилла, Чингисийн хүрээ дэх бэсрэг наадмын бэлтгэлийг цаг хугацаанд нь гүйцэтгэн, хүндэтгэлийн гэр, асар барих, цэвэрлэгээ үйлчилгээ, цай визит, түргэн хоолны үйлчилгээ үзүүлэв.

БНСУлсын Ерөнхийлөгч, Япон улсын Ерөнхий сайд, Вьетнам улсын Ерөнхий сайд, Унгар улсын Ерөнхий сайд, Энэтхэг улсын Лок Сабхагийн дарга, Сингапур улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Ерөнхий сайд, БНХАУ-ын Хурлын дарга нарын Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал, Канад улсын парламентын нийтийн танхимын дарга, Итали улсын парламентийн даргын ажлын айлчлал, Ази Европын сангийн сайд нарын 12-р уулзалт, Ази Европын орнуудын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт, Ази Европын орнуудын Түмний 11-р чуулган, Ази Европын орнуудын Бизнесийн 15-р чуулган, УИХ-ын шинэ гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа, Хүндэтгэлийн чуулганы үйл ажиллагаа, ТЁХӨЦ-т Төрийн тэргүүний ахмадуудтай золгох ёслолын ажиллагаа, Чингисийн одон гардуулах ёслолын ажиллагаа, есөн орны сангийн сайдтай хийсэн Ерөнхий сайдын уулзалтын арга хэмжээ, Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын хуралдаан зохион байгуулагдах үеийн бэлтгэлийг чанарын өндөр төвшинд хангаж ажиллалаа.

Арабын Нэгдсэн Эмират, Бүгд Найрамдах Парагвай, Бүгд Найрамдах Тажикстан,  Камбожийн Вант улс,  Өмнөд Африк, Нидерланд, Палесстин, Уругвай, Македон, Литва, Латви, Маршал, Микронези, Энэтхэг, Итали, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард улс, Бүгд Найрамдах Армян улс, Бүгд Найрамдах Мальта улс, Бүгд Найрамдах Эстони улс, Грек улс, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланк улс, Саудын Арабын Вант улс, Босни Херцеговина, Холбооны Бүгд Найрамдах Бразил улс, ХБНГУлсын элчин сайд нарын “Итгэмжит жуух бичиг” барих ёслолын арга хэмжээний бэлтгэл, үйлчилгээг хангаж ажиллаа.

УИХ-ын гишүүдийн 72 албан өрөө, Төрийн ордны “Г” танхим, угаалгын хэсэг, Ерөнхий сайдын албан өрөөнд засварын дараах их цэвэрлэгээ, хивс дрож угаах болон зөөвөр, тээврийн ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэлээ.

Төрийн туганд хүндэтгэл үзүүлэх, Төрийн ордонтой танилцах 713, Төрийн шагнал гардуулах арга 6, Яам, албан байгууллагын ойн баярын хүрээнд “Чингис хааны хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын 6, Үндсэн хуулийн эхийг Төрийн түүхийн музейд залах ёслолын ажиллагаа 1, ҮАБЗ-ын 21  удаагийн хуралдаан болон Монгол улсын Төрийн далбааны өдрийн хүндэтгэлийн цэргийн парад, “Есөн хөлт цагаан туг”-ийг цэнгүүлэх үйл ажиллагаа, “Оюутан цэрэг” тангараг өргөх, УИХ-ын шинэ гишүүдийн “Чингис хааны хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх, “Генерал” цол гардуулах, генерал цолтнуудын “Чингис хааны хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх, Зуны XXXI олимпод оролцох тамирчдад төрийн далбаа гардуулах, үдэх ёслол, Монгол бахархлын өдрөөр “Есөн хөлт их цагаан туг” цэнгүүлэх ёслолын ажиллагаа, УИХ, Орон нутгийн сонгуульд оролцох нам эвслүүд батламж гардуулах зэрэг ёслолын ажиллагаануудыг зохион байгуулах үеийн бэлтгэл ажлын үйлчилгээ гүйцэтгэлээ.

Цэвэрлэгээ үйлчилгээний багууд угтах үйлчилгээг хэвшүүлэн 4061 хөшиг, 3320 тюль, 17 нэрийн 10189 эд зүйлийг угааж, Гадаад орны төрийн далбаа 175, хөшиг 4, тюль 7, засварласан хөшиг 58, буйдангийн 16, креслоны 30 бүрээсийг шинэчлэн нийт 18 нэрийн бүтээгдэхүүн оёж, 1251 удаагийн зөөвөр тээвэр хийж, албан өрөө тасалгаа, ариун цэврийн өрөөний хог хаягдлыг 170350 удаа зайлуулж нийт 200 тн хог хаягдал тээвэрлүүлэн, 625 гэрлийг шинэчлэн солиулж, 354 гэрлийн бүрхүүл угааж, сантехникийн 264, мужааны 457 удаагийн үйлчилгээг захиалга өгч гүйцэтгүүлэн, 8458 удаагийн дуудлага хүсэлтээр 51101 аяга цай, кофе, зөөлөн чихэр, цэвэр ус, шампанскаар үйлчлэхийн зэрэгцээ визит үйлчилгээнд 1427 удаа 7786 зочинд цайны үйлчилгээг стандартын дагуу гүйцэтгэж, Төрийн ордны гэгээвч нийтийн эзэмшлийн талбайн 16 ш ус цэвэршүүлэгч, цайны хэсгийн 3 ш ус буцалгагчийн шугам хоолойг солиулж, засвар үйлчилгээ хийлээ.

Гадаад орнуудын хүндэт зочид, төлөөлөгчид болон, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн зоогийн арга хэмжээнд амьд цэцгийн баглаа 38, цэцгэн чимэглэл 18, сагстай цэцэг 15, винок 18 нийт 98  бүтээгдэхүүнийг Төрийн ёслолын албаны захиалгаар цаг хугацаанд нь бэлтгэж, хүлэмжид цэцгийн үрсэлгээ хийх 1.5*5*0.80 м хэмжээтэй шилэн дарлага 3-ийг хийж, гадна мандлын нэг наст 5 төрлийн 18 зүйлийн цэцгээс 2017 оны тариалалтад зориулж үр түүж бэлтгэн нөөцлөөд байна.

Нийтийн эзэмшлийн талбайн ургаж буй 79 ширхэг том, 345 ширхэг жижиг цэцгийг стандартын дагуу өдөр бүр тогтмол арчлан, цэцгийн ургалтын байдалд 2, 11 сард үзлэг хийж шаардлага хангахгүй болсон цэцгийг тухай бүрт солих ажилд зориулан хүлэмжээс 258 ширхэг жижиг, 11 ширхэг том цэцгийг Төрийн ордонд татан авч, АСЕМ-ийн арга хэмжээнд зориулан “АСЕМ ВЕЛЛА” хотхонд Төрийн ордны нийтийн эзэмшлийн 60 ширхэг цэцгийг зөөж байрлуулан 28 хоногийн турш арчлах, Төрийн ордны гадна талбайн нэг наст цэцгийн мандалд өдөр бүр усалгаа хийж, зүлгийг 14 хоногт нэг удаа хадаж өнгө үзэмжийг нэмэгдүүлж ажиллажээ.

ТЗҮЭГ-ын хувьд 2016 он нь төрийн ордны хэмжээнд сүүлийн жилүүдэд хийгдээгүй шинэчлэлт, засвар тохижилтын ажил хийсэн, олон улсын хэмжээний хурлуудыг зохион байгуулсан түүхэн дурсгалт он болж өнгөрлөө.

Ирж байгаа 2017 онд нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлж, үйлчлүүлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах орчин нөхцөлийг  өнөөгийн шаардлагын төвшинд хүргэж ажиллах зорилт тавин ажиллаж байна.

           

Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар

2017 оны 01 сарын 25 | Үзсэн : 2742